December 5, 2015

Би кофенд дургүй, гэхдээ би кофе уумаар байна...




Хэдхэн жилийн өмнөөс Улаанбаатар хотод кофены мухлагууд борооны дараах мөөг шиг олон зуугаараа нээгдэж билээ. Өмнө нь сонсоогүй, хараагүй, үзээгүй кофенуудыг тэгэхэд л бид анх харсан байх. Харин зарим нь өчигдөр нь ууж үзсэн кофегоо насаараа ууж ижил дасал болсон амраг минь байгаа юм гэж ирээд л өнөөдөр нь над мэт зарим нэгэндээ онгирч гарна. Миний мэдэхийн л өглөөний цайндаа липтон цайгаа дүрж уугаад гардаг байсан танил маань хүртэл кофенд донтсон тухайгаа надад ярьж, намайг чирсээр кофений мухлаг орчихоод өтгөн хар кофе захиалаад өнөөхөө ууж чадахгүй ярвайн сууж билээ. Арван жилийн, их сургуулийн охидууд тас тас инээлдэн бие биеэ налж унах шахан кофены мухлаг руу орж ирээд, би американо авна, би экспресо авна, би лате, би капучино гэж ирээд л бие биенээсээ ялгарах гэж аргаа баран уралдана. Нэгнийхээ мэдэхгүй кофег захиалж, тэрийг байнга хэрэглэдэг хүн болж харагдаж л байвал өнөөх кофений амт гоё муухай эсэх огтоос сонин биш ажээ. Кофений үнэний тухай аваад үзвэл тун ч ярвигтай. Нэг кофений үнийг авдаг цалинтай нь харьцуулвал өдөрт нэг кофе уухуу, эс уухуу хэмжээнд яригданадаа. За тэр ч яахав, дүүрсэн хэрэг. Бид чинь хэрэглэж л байвал өрөнд баригдах нь хамаагүй улс. Кофе уугаад гоё харагдаж байвал хэдийг ч үрсэн хамаагүй. Кофений мухлагт кофетой хамт авхуулсан зургаа инстаграмджил байвал амттайг уух, амтгүйг уух нь бүүр ч сонин биш.  Кофе гоёо гээд л бренд болгож чадсан шүү дээ. Хэзээнээс Монголчууд тэгж кофе уудаг байсан юм бэ. 

Монголчууд бид бусдыг дууриахдаа дэлхийн №1 үндэстэн. Аливаа зүйлийг бид түргэн эзэмшиж, түргэн залхдаг. Түүний зөвхөн нэг нь кофе. Тамхи мэт донтуулагч, зүрх судасны үйл ажиллагааг түргэсгэж, хэтэрвэл тархинд хүчтэй цочирол өгч чаддаг энэхүү каффейн хэмээх бодисонд хэд маань донтож эхлээд байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Бусдыг дууриаж, бусдад эрхэмсэг, тансаг, мөнгөтэй харагдах гэснээсээ болоод хэд маань асуудалд орсныг хэн ч мэдэхгүй. 

Энд ганцхан кофений талаар бичихийг хүссэнгүй. Яагаад бид өөрийнхөөрөө амьдрач чаддаггүй юм бэ? Яагаад? Би эрх чөлөөтэй учраас ийм зүйл хийж байна гэдэг маань эндүүрэл болж байна. Дургүй байсан ч хамаагүй гоё л харагдаж байвал гэдэгт биш шүү дээ. Өөрөөр хэлбэл жинхэнэ эрх чөлөөгөө өөрөө өөрөөсөө бүү холдуулаарай. Бидний ингэж нэг зүйл рүү хошууран гүйдэг муухай зан тийм ч сайхан зүйлд хүргэхгүй л болов уу.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.