May 5, 2010

Будда ба Залуу эр

Нэгэн хүн Будда дээр ирээд элдэв муу үгээр харааж, нүүр лүү нь нулимж орхижээ. Эргэн тойрон байсан Буддагийн шавь нар энэ үйлдэлд тун эгдүүцэв. Ялангуяа шадар шавь Ананд тэсгэл алдан бачимдаж,
 - Задарсан амьтанд жавтий хүртээгээд өгъе. Багш минь та зөвшөөрнө үү гэж Буддагаас гуйв. Гэтэл будда нүүрээ арчсанаа, тэр хүнд хандан:
 - Эрхэм ээ, танд гялайлаа. Өнөө хир миний дотор уур унтуу нуугдаж байгаа эсэхээ шинжих боломжийг та надад өглөө. Би ямар их амгалан жаргалтайгаа мэдэрч байна. Та бас Анандад ч тийм боломж олгосон. Тэр өөрийгөө уур унтуугаас салаагүй байгаагаа анзаарсан буйзаа. Дараа хэн нэгнийг нулиммаар санагдвал бидэн дээр ирж
байгаарай! гэж хэлжээ.
Ийм үг сонсоод өнөөх эр чихэндээ итгэж ядав. Уул нь Буддатай хэрэлдье гэж ирсэн чинь хэлэх үггүй болоод ичсэн нүүрэндээ эргэн харайлгажээ. Тэр хүн шөнийн турш унтаж чадсангүй. Буддагийн дүр төрх, үг яриа сэтгэлд нь хоногшжээ. Тийм амирлангуй дөлгөөн царай, энэрэл хайр гийсэн мэлмийг өмнө нь үзэж байсангүй. Тийм чин зүрхний угаас ундрах өчүүхэн ч хуурмаг өнгөгүй тунгалаг дуу хоолойг урьд нь сонсч байсангүй.
 Нүүр лүүгээ нулимсан шүлсийг арчих зуур <Гялайлаа танд... Дараа хэн нэгнийг нулиммаар санагдвал ирж байгаарай!> гэсэн үү? Ямар гайхалтай юм бэ? Энэ үгсийг Будда хүчилж хэлээгүй. Бүхий л бие цогц, сэтгэл зүрх нь баяр талархлаар бялхаж байсан. Ананд үнэн голоосоо ууралсан шиг Будда ч үнэн голоосоо талархсан. Гэтэл тийм хүнийг доромжлох ч гэж дээ.
 Хархүү хийсэн хэрэгтээ харуусч, өөрийгөө зүхэж хонолоо. Өглөө эрт Будда дээр очиж, өлмийд нь сөхөрч:
 - Өчигдөр болсон явдалд намайг уучилж хайрла. Би бүхэл шөнөжин унтаж чадалгүй шаналлаа гэжээ. Будда хариуд нь:
 - Тэр тухай март даа. Нэгэнт өнгөрсөн юмстай нэхэн зууралдах хэрэггүй. Өчигдрийн Ганга мөрөн одоо байхгүй шүү дээ гэв. Тэр үед Будда Ганга мөрний хөвөөнд модны сүүдэрт сууж байжээ.
 - Энэ урсгалыг хараач. Агшин зуур хичнээн их зүйл урсан одно вэ. Гэтэл та аль өчигдрийн юмыг өнөө хүртэл үүрч явах гэж. Тэгээд ч надад гэм хор хийсэн биш, би юугий нь уучлах юм бэ? Хэрэв намайг гомдоосон бол би уучилж болохсон. Даанч тийм юм болоогүй. Хэн нэгнээс уучлал гуймаар байвал Анандаас очиж гуй. Өчигдөр та түүнийг уурлуулсан, өнөөдөр хөлд нь сөгдвөл баярлах байлгүй гэжээ.

Агнистын Гэгээ: Билгүүн Ухааны Шаштир - Адиша богдын сургааль, Ошо багшийн тайлбар. УБ.,2008
Share |

2 Сэтгэгдэлтэй:

Энхтүшиг said...

Naad chin am damjsaar bgd buur togsorchee haha

Мөнхбаяр said...

Үнэн үнэн байх нь чухал биш, худлаар амьдрагчдын дуг нойрыг үймүүлж чаддаг байх нь чухал гэдэг. 1000 яригдсан үнэн үйлчилэхээ больдог гэдэг. Тийм болохоор л үнэнд хүрсэн хүмүүс эртний мэргэдийг үгүйсгэдэг юм шүү дээ. Тэдний үнэн тэр үедээ л үйлчилдэг байсан. Одоо бол хүмүүсийн чих нь дөжрөөд тэр үнэнийг ухаж анзаарахаа больсон гэж үзээд үргэлж шинэ арга замыг олдог гэж бодож байна. The tradition of truth is not traditional. The real purpose of truth is not to make us truthful, but to awaken us, to shake us so that we may experience what the truth is.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.