February 1, 2011

Найз нартаа - 3







Өвс ургамал хэрхэн гэгээрдэг бол хэмээн бодож явдаг хүний тухай би уншлаа. Та нар ингэж бодож чадах байсан уу? Үгүй л болов уу даа. Ингэхэд та нар минь чухам юуны тухай бодож байна даа. Хэн нэгний хэлэх сайхан үгний талаар, ирж яваа баяр баясгалангийн тухай, элээж өнгөрөөсөн цаг хугацааныхаа тухай бодож сууна уу даа? Гэтэл хорвоо ертөнц чамайг хүлээгээд л байдаг. Өгсөн биеийг нь хэрхэн элээж байгааг хараад л байгаа. Ойлгож байна уу? Зүрхэнд чинь юу байдгийг? Харин чи хов жив яриад л, архи уугаад л гүйгээд байдаг. Үхэл чамайг айлгаж сэрээхийг чи хүлээгээд л. Чухам юуны төлөө? яах гэж чи амьдардаг юм бол? Битгий өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийх гэж амьдардаг гэж хэлээрэй! Энэ бол тэнэгүүдийн үг шүү. Ер нь намайг яах гэж үүнийг бичиж байгаа гэж чи бодож байна? Чи төсөөлж чадах уу? Энэ бүгдийн тухай? Өөрийн чинь мэдэхгүй зүйлийн тухай би төсөөлж байна найз минь. Чамайг мэдэхгүй гэдгийг би мэднэ. Яагаад гэвэл би чамайг мэднэ. Энгийн үг гэдэг ямар их утга нууж байдгийг мэдэх үү? Би чамайг мэднэ. Чиний түүхийг биш, чиний байгаа байдлыг би мэднэ. Миний үг аугаа их философичийн үг шиг хурц биш. Миний үг аугаа их найрагчийн үг шиг уран яруу биш. Учир нь би зүгээр л хэлж байгаа юм. Би энгийн үгсээр хэлж байгаа юм. Чиний мэдэхгүй өвчнийг би мэдэрдэг. Хэрвээ чи миний оронд байсан бол нэг өдөр тэсэх байсан уу гэдгийг чинь би мэдэхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл "Би чамайг мэднэ". Та нар минь хэврэгхэн амьтад шүү дээ. Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ хэнийг чинь ч би гомдоож чадна. Уурлуулж чадна. Харин би бол гомдохгүй гэж хэлж байгаа юм бас биш шүү. Би та нарыг мэднэ. Та нар хэзээ ч эргэцүүлдэггүй. Хэзээ ч эргэлздэггүй. Бодож үздэггүй. Хэрвээ би үнэнийг хэлсэн ч бай, худлыг хэлсэн ч бай та нар ав адилхан хүлээж авдаг. Боддоггүй!

Би төгс төгөлдрийг хайдаг байсан. Гэвч төгс төгөлдөр биш зүйл надад л байдгийг ойлгосон. Тэр бол миний оюун ухаан. Үүнд л хамаг учир нь байгаа юм. Чиний, бидний оюун ухаан бол чөтгөрийн үүр. Чи ууралдаг. Энэ бол чөтгөрийн жишээ. Найз минь! Өчүүхэн оюуныхаа завсраар гадаад ертөнцийг хараач. Нүдээрээ биш зүрхээрээ хараач. Хэн нэгнийг сайн эсвэл муу хүн болгох гэж байдаг чадлаа барж суухаар бүгдийг зөвшөөрчихсөн нь илүү дээр зам бус уу? Чамд хатуу үг хэлсэн хүн муу хүн, зөөлөн үг хэлсэн хүн сайн хүн болдгоос хойш. Чи надад олон удаа гомдож байсныг би мэднэ. Яагаад гэвэл би хатуу үг хэрэглэдэг. Гэхдээ тун цөөхөн тохиолдолд л доо. Би та нарын дунд зохицохын тулд нэг үгээр хатуу үгээ нуудаг.

Өдийг хүртэл би хэнийг найз мөн, хэнийг биш гэдгийг би бодоод олсонгүй. Нэг үгэнд минь ууралчихдаг хүнийг би найзаа гэж болох уу? Чи юу гэж бодож байна? Өчигдөр хэрэлдчихээд, өнөөдөр инээлдээд байхыг бас найз минь гэж ойлгож болох болов уу? Магадгүй чи олон үг comment болгоод үлдээх гэж байгаа байх л даа. Үнэнийг хэлэхэд тэр үгнүүдээс чинь би залхаж байна. Ер нь бичээд хэрэггүй биз дээ. Надад гомдож байгаа бол уншаад ч хэрэггүй. Тоохгүй орхичих. Чи над шиг өвддөг биш. Зүрхэндээ тэгтлээ өвддөг биш. Би чамайг мэднэ. Аманд чинь хоолыг чинь халбагдаад, биенд чинь хувцсыг чинь өмсгөдөг болохоор чамд миний хэлээд байгааг ойлгох шаардлага үгүй биз. Чи амьдарлыг тэгж л төсөөлдөг. Чи төсөөллөөсөө хэтэрдгүй. Яагаад гэвэл чи боддоггүй. Би чамайг мэднэ. Өгсөн архийг чинь уухгүй бол гомдол тоочдог хэрнээ, миний өгсөн бэлгийг чи харалгүй хогийн саванд хаядаг. Би чамайг мэднээ. Харин чи намайг мэдэхгүй. Миний хичнээн ганцаарддаг гэдгийг чи мэдэхгүй. Яагаад гэвэл чи ганцаардал гэж юу байдгийг мэдэхгүй. Үгүй ээ би мэднэ гэж чи бодож байгаа байх. Гэвч чиний төсөөлж байгаа тэр ганцаардлыг би хэлээгүй. Юу төсөөлж байгааг чинь би сайн мэдэж байна. Би өөрийнхөө мэдэрч байгаа тэр ганцаардлыг та нарт мэдрүүлэхийг хүсч байна. Учир нь тэр үед та нар надад ямар байдгийг ойлгож магадгүй. Магадгүй инээд чинь хүрж байгаа байх л даа. Чи миний яриад байгааг мэдэхгүй болохоор л тэр. Та нар бүгдээрээ адилхан зүйл боддог гэдгийг би мэднэ. Тийм болохоороо та нар өөрсдийнхөө зөв гэж бодож байгаа. Ихэнхи нь тэгж бодоод байвал хүн дагаад л зөв гэж боддог. Энэ талаар сэтгэл зүйн судалгаа ч байдаг.

"Эго" гэдэг үгийг сайн тогтоож аваарай. Магадгүй энэ үг чамайг над дээр авч ирэх байх.

Би чамд юу хэлэх гээд байгааг чи мэдэх үү? Ер нь Төрбурам гэж хэн бэ гэдгийг чи мэдэх үү? Мэдэхгүй л болов уу даа. Хэрвээ би чамд хэрэгтэй бол, намайг найзаа гэх олон олон шалтгаан байгаа бол чухам юунаас болоод тэр вэ? Магадгүй би чамд хэрэгтэй үед чинь тусалдаг болохоор уу? Тэгвэл би чиний зарц юумуу? Чамайг жоохон ч гэсэн хөгжөөдөг бол уу? Тэгвэл би алиалагч болж байна уу?

Намайг инээхэд хүрээд ирдэг, уурлахаар яаваад өгдгийг чинь би анзаарсан. Намайг уурлаж бухимдах үед хажууд минь хэн ч байдаггүй. Зовлон, шаналалаа хуваалцах гэхээр сонсох хүн байдаггүй мөртлөө баяр хөөрөө хуваалцах болохоор хэрээ шиг гуаглалдна. Миний төрсөн өдрийг мэдэх ч үгүй байж өөрийнхийг нь тоосонгүй гэж уйлан дугарна. Энд төрсөн өдөр чухал биш л дээ.

Хаана явж байгааг минь чи мэдэх үү? Энэ их айдас хаанаас ирж байгааг би ойлгохгүй юмаа. Магадгүй чи намайг мэдрэлийн гажигтай гэж бодож байгаа байх. Гэвч би түүнээс чинь айхгүй байна. Харин би зөвхөн энэ айдас хаанаас эхтэйг олмоор байна. Энэ бүгдээс олж харж байгаа чинь тун жоохон юм даа найз минь.
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Тиймээ, Төрбурам анд минь чи бол Сайн найз. Учир нь чи надад ашигтай хүн.
Тиймээ чи сайн хүргэн, учир нь чи манайханд, зөвхөн манайханд ашигтай хүн. Чи бол олдошгүй хүргэн. Учир нь чи боол шиг хамаг бүхнээ манайхны төлөө зольж чадах цорын ганц хүн.

Чи сайн дүү байсаан, учир нь чи ах дүү нарынхаа үгээр л байдаг байвдаа. Чи миний үгнээс огт гардаггүй байв даа. Яг л робот шиг. Багшийн үгнээс зөрдөггүй байсан чинь бүр ч гайхамшигтай. Тэгэхээр чи бол хамгийн сайн сурагч.

Чи сайн иргэн. Учир нь чи ард түмэн юу хүсэж байна тэрийг л хийнэ. Өөрийгөө золино. Чи өөрийнхөө бүх л нандин үзэл бодлыг ард түмний төлөө зольж чадах хүн. Тийм учираас чи аугаа сэтгэгч...Хамгийн гол нь чи хүн бүрт ашигтай байж чаддаг САЙН ХҮН шүү Төрбурамаа!

Хүндэтгэсэн чиний хамгийн сайн найз.....ккккккк

Gombosuren said...

naizad ni bas heregtei ug bna.
salhi haashaa owsnuud tiiishee

Мөнхбаяр said...

Хүмүүс үнэнд хүрсэн хүмүүсийг, эсвэл үнэний тухай жаахан ч гэсэн туршлагатай хүмүүсийг тэвчихгүй. Тиймдээ эхлээд үл тоомсорлох гэж үзнэ. Энэ ангилалд Диоген нар. Үл тоомсорлож чадахгүй бол цовдолно. Энэ ангилалд зөндөө дөө зөндөө: Сократ, Пифагор, Гераклитаас эхлээд ... Вилгельм Рейх. Цовдлоод дараагаар нь, эсвэл цовдолж чадахгүй бол магтан дуулна. Алдаршуулна. Тэнгэрийн амьтан, өвөрмөц сэтгэгч, агуу хүн, бурханы элч нтрээр нь дуудаад өөрсдөөсөө хариуцлагыг зайлуулна. Одоо үед ч бас нэг иймэрхүү дараалал явж байгаа. Арай соёлжоод цовдлохоо больчжээ. Дээрээс нь үнэний төсөөлөлтэй хүмүүс олон болохоор бас яг ч цовдолчихож чадахгүй, бас яг ч үл тоомсорлож ганцаардуулж чадахгүй. Ухаантай хүн үнэнийг мэдсэн хүнийг магтан дуулдаггүй, үл тоомсорлодоггүй, үзэн яддаггүй. Гэдэг бодрол байдаг юм билээ.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.