February 13, 2011

Black Metal: Burzum and Old Man`s Child

Heavy metal хөгжим гэдэгт маш олон дэд урсгалуудыг багтааж ойлгодог. Тэдгээр дэд урсгалуудын тоонд Black Metal хөгжим багтдаг. Black Metal хөгжим нь хурдан хэмнэлтэй, хүчтэй түргэн бөмбөр, хашгирсан вокалтай, нилээд хүнд төрлийн метал хөгжим юм. Энэ хөгжмийн анхны давалгаа 1980 аад оны дунд үеэс эхэлсэн бөгөөд тэр үеийн Celtic Frost, Venom, Hellhammer зэрэг хамтлагуудыг нэрлэж болно. Энэ үеийн хамтлагуудад trash метал, death метал зэрэг урсгалуудын нөлөө нилээдгүй байжээ. Харин хоёр дахь давалгаа нь 1990 ээд оны эхэн үед эхэлсэн бөгөөд Burzum, Immortal, Mayhem, Emperor зэрэг хамтлагуудыг нэрлэж болно. Хоёр дахь үед black метал хөгжим Норвеги улсад маш ихээр хөгжсөн юм. Black металыг Норвегийн хамтлагууд болох Burzum, Immortal, Mayhem гээд олон арван хамтлагууд жинхэнэ дүр төрхөөр нь хөгжүүлсэн байдаг.
Норвегийн олон зуун залуус энэхүү хөгжимд татагдан орсноор black метал хөгжим дэлхий даяар түгэн дэлгэрэх үндэс болжээ. Хар домын нууц, далд харанхуй ертөнц, дээрээс нь скандинавын үндэсний хэв маяг шингэсэн энэ хөгжим нарийн мэдрэмжтэй хэний ч анхаарлыг татхуйц гайхамшигтай, сүр хүчтэй байдаг. Сатанизм, муу ёр, ялгавралах үзэл гээд энэ хөгжмийн хөнддөг сэдвүүд нь нилээдгүй гүн гүнзгий байдаг. Тиймдээ үүнийг BLACK метал хэмээн нэрлэдэг биз ээ. Харин би өөрийнхөө сонсох дуртай, бас шилдэг гэж боддог 2 хамтлагийг танилцуулах болно. Мөн яагаад энэ 2 хамтлагт дуртай гэдгээ өгүүлнэ. Энд мөн л хөгжмийг үнэлэх асуудал хөндөгдөх болно. Яагаад зарим хамтлагийг сайн, заримыг нь муу гэдэг тухай. Нэр алдартай мөртлөө шилдэг болж чаддагүй тухай гээд л. 



Burzum

Burzum нь 1991 онд Норвегийн Бергин хэмээх хотод нэг гишүүнтэй байгуулагдсан хамтлаг юм. Тэр хүн бол Varg Vikernes. Тэрээр Норвегийн түүх соёл, Paganism буюу бөө мөргөлийн тухай болон шашин, сатанизм зэрэг сэдвүүдээр сонирхон судалдаг байжээ. Varg бол сатанист нэгэн байлаа. Тэрээр 1989 оны үед Old Funeral хэмээх хамтлагт гитар тоголж байсан ч удалгүй Mayhem хамтлагт тоголж эхэлжээ. Харин үүнээс өмнөх түүхийг Varg-ын бичсэнээс хэсэгчлэн орчуулж доор бичив.

Бурзумын тухай өмнө нь хэн ч сонсож байгаагүй зарим зүйлийг би өгүүлэх гэж байна. Бүх хамтлагт үүсэл, эхлэл ба тэдний орших шалтгаан гэж байдаг. Тиймээс би яагаад Бурзум байх ёстой вэ гэдгийг ярьмаар байна. 1988 аас 1989 оны үед би гитар тоглоод 1 юмуу 2 жил болж байлаа. Тэр үед би 2 залуутай хамтарч Kalashnikov нэртэй хамтлаг байгуулсан. Kalashnikov гэж нэрлэсэн учир нь энэ бол миний дуртай винтов бууны нэр байсан юм. Тэр үед би "Twilight 2000" гэх мэтийн RPG тоглоомууд тоголдог байлаа. Би өөрийнхөө дүрийг AK-74 (Avtomat-Kalashnikov 74) буугаар зэвсэглэн тоголдог байв. Бидний нэг дууг "Uruk-Hai" гэж нэрлэдэг байсан, харин дараа нь бид хамтлагийнхаа бүхэл нэрийг Uruk-Hai болгож өөрчилж байсан юм. Би энэ дууны үгийг санахгүй байгаа ч гэсэн энэ дуу миний бодлоор тийм ч их гүн гүнзгий буюу ялангуяа дэвшилттэй байгаагүй юм (дахилт нь: "Uruk-Hai чи үхэх болно" буюу иймэрхүү утгатай байсан). Харин Uruk-Hai гэдэг нэрийг Бурзумын ихэнхи фэнүүд мэдэх хэрэгтэй бөгөөд энэ нь Сауроны Оркуудын нэр ба Мордор хэлний хар ярианаас Орк аймаг гэж орчуулагддаг.
Өсвөр насандаа би нэг нүд ба нэг бөгжөөр ертөнцөд адал явдал, гай зовлон бас дохио өгөгч Саураны дүрд сэтгэл татагдсан. Түүний нэг нүд, нэг бөгж болон Barad-Dur -ын цамхаг нь бүх шинж байдлаараа тэдний Óðinn -той адил. Нэг нүд нь Óðinn-ний нүдтэй адилхан, нэг бөгж нь Óðinn-ний бөгжтэй адил, Draupnir ба Barad-Dur нь Óðinn-ний цамхаг, хаан ширээтэй адилхан ба Hliðskjálf (Нууц Ёслолын газар) гэж дууддаг. Түүний Uruk-Hai болон Olog-Hai (Троллын аймаг) нь шүрүүн Викинчүүдтэй адил, Варгууд нь Óðinn-ний хүн чононуудтай адил гэх мэт. Би хар хүчний уур омгийн ялгааг амархан тодорхойлж, мөн тэдний оршин байхуйд сэтгэл татагддаг байсан ба учир нь тэд уйтгартай, амар амгалан дэлхийд аюул осол болон сэтгэл догдлуулам бүгдийг авчирдаг байв.
Жоохон том болсныхоо дараа би муу ёрын махчинд хувилсан бөөгийн бурхад, тролл ба гоблинуудын тухай болон бид бүгдийн мэдэх Freyr  хэрхэн сатаныг шүүсэн тухай Скандинавын шидэт үлгэрүүдийг уншдаг байлаа.
 Uruk-Hai-гийн бөмбөрчин, басс гитарчин 2 ыг би эртнээс мэддэг байлаа. Бөмөрчинтэй нь би 12-15 настай байхдаа таарч байсан. Тэр үед шинэ жилийн өмнөх өдөр тэр миний толгойд цэнэгтэй .357 Магнам гар буу тулгасан, учир нь тэр намайг өөрийг нь тарган гэж дууддаг гээд итгэчихсэн байсан. Мэдээж би түүнийг тэгэж нэрлээгүй байсан, харин түүний найзууд түүнд ингэж хэлснээс болоод тэр миний толгойд буу тулгажээ. Тэгээд тэр үүнийг ойлгоод ямар ч асуудал гаргаагүй. Тэр хөгжимд дуртай байсан, минийхээр хэвийн нэгэн байлаа. Харин басс гитарчин нь бие даасан тусгаар нэгэн байсан юм. Мөн ердийн Рок"н"Ролл залуу байв. Яг үнэндээ бол тэр соль гитар тоглоход тохирох байсан, учир нь тэр басс тоголж чадахгүй нэгэн байлаа.
Дараа нь 1989 онд би Old Funeral -ын залуустай уулзсан.  Uruk-Hai цааш тоглох боломжгүй болж би Old Funeral -д 2 жил тоголлоо. Гэтэл тэд удалгүй жинхэнэ гайхалтай Techno-Trash аас уйтгартай Death метал хамтлаг болсон. Энэ бол тэднээс салах миний шалтгаан байсан бөгөөд би өөрийнхөө хөгжмийг тоголхыг хүссэн.
Varg Vikernes
December 2004

Залуу Varg Vikernes


Энэ бол Бурзум үүссэн түүх билээ.  Тэрээр 1991 онд Demo I болон Demo II гэсэн синглүүдээ гаргасан ба 1992 онд Burzum нэртэй цомгоо гаргажээ. Үүний дараа 1993 Aske нэртэй EP цомгийг гаргасан нь ихэд алдартай болсон байна. Мөн энэ ондоо Det Som Engang Var нэртэй бүрэн хэмжээний цомгоо бичүүлсэн байна. Уг цомог нь цэвэр black метал цомог байсан гэж хэлж болно. 1994 онд тэрээр 1992 оноос хойш хийсэн зарим ажлуудаа нэгтгэж Hvis Lyset Tar Oss нэртэй цомгоо гаргажээ.




Шоронд орсон нь

Шүүх хурлын үеэр

1993 оны 8 сард Varg Vikernes Oslo -д ирсэн байна. Тэрээр Mayhem хамтлагийн гитарчин Øystein Aarseth-ыг оршин суудаг байранд нь хутгалан хөнөөжээ. Цогцос нь байрны гаднаас олдсон бөгөөд толгойд нь 2, хүзүүнд нь 5, нуруунд нь 16 удаа буюу нийт 23 удаа хутгалуулсан байв.

Мөн Varg Vikernes Норвегийн хэд хэдэн сүм хийдийг галдан шатаасны дотор 200 аад жилийн түүхтэй сүм хүртэл байжээ. Дээрхи бүх хэрэгт буруутгагдсан Varg Vikernes 1994 онд 21 насандаа Норвеги улсын ялын дээд хэмжээ болох 21 жилийн ял авч шоронд орсон юм.

Шоронд байхдаа тэрээр 1996 онд дараагийн цомог болох Filosofem нэртэй цомгоо гаргажээ. Энэ цомог нь түүний бүх цомгуудаас хамгийн сайн болсон нь мэт надад санагддаг. Маш урт үргэлжилсэн хүчтэй, харанхуй дуунууд бол black метал сонирхогч хэний ч анхаарлыг татахгүй байхын аргагүй. Үүний дараа тэрээр 1997 онд Dauði Baldrs (Balder's Død) цомгоо гаргасан байна. Энэ бол түүний анхны бүрэн хэмжээний Dark Ambient, Black метал цомог юм. Мөн 1999 онд Hliðskjálf нэртэй Dark Ambient, Black метал цомгоо гаргажээ. Сүүлийн 2 цомгоо тэрээр шоронд байхдаа бичсэн гэдэг.

2003 оны 10 сард тэр шоронгоос оргосон боловч баригдсан юм. Түүнийг баривчлах үед түүнд хулгайлсан Волво машинтай, цэнэггүй AG3 автомат винтовтой, гар буу, маш олон тооны том хутгатай, газын масктай, өнгөлөн далдлах хувцас, зөөврийн компьютер, луужин, GPS, олон төрлийн газрын зураг, хуурамч паспорт зэрэгтэй байсан байна. 
Varg баривчлагдах үедээ

Үүнээс болж тэрээр өндөр дэглэмтэй хориих ангид ирсэн боловч дараа нь энгийн шоронд шилжжээ. Тэрээр хугацаанаасаа өмнө сулагдах тал дээр хөөцөлдөж байсан ч амжилт олохгүй байлаа. Гэсэн ч 2009 оны 3 сард түүнийг хугацаанаас нь өмнө суллах болсныг зарласан юм. Тэр үед Varg Vikernes ялынхаа 15 жилийг эдэлсэн байлаа. Ингээд тэр 2009 оны 5 сарын 24 нд суллагдан эрх чөлөөтэй болсон юм.



Эргэн ирсэн нь

Шоронгоос гараад тэрээр шинэ цомгоо бичиж эхэлжээ. Тэр шинэ цомгоо Den hvite guden (The White God) хэмээн нэрлэх гэж байсан боловч Belus болгон өөрчилсөн байна. Уг цомог 2010 оны 3 сарын 8 -нд нээлтээ хийсэн юм. Belus бурзумын дүр төрхийг шингээж чадсан сайн цомог болсон гэж би боддог. Мөн 2010 онд Varg Vikernes ын 1990 -ээд оны үеийн амьдрал дээр сэдэвлэсэн кино хийгдэнэ хэмээн зарласан. Уг киног Michael Moynihan, Didrik Søderlind нарын Lords of Chaos хэмээх номноос голчлон үзүүлэх бөгөөд киног энэ номын нэрээр нэрлэх ажээ.  Одоо тэрээр 2011 оны 3 сарын 7-нд Fallen нэртэй шинэ цомгоо гаргах юм байна. Энэ цомгийн ковер зураг нь өмнөх цомгуудаасаа нилээд өвөрмөц болсон байна. Тэрээр олон зуун метал хамтлагуудад нөлөөлснөөс гадна хөгжмийн ертөнцөд маш том хувь нэмрийг оруулж чадсан нэгэн юм. Black метал хөгжмийн үүсэл хөгжилтэй энэ хүний нэр салшгүй холбоотой. Түүнийг шоронд байх хугацаанд Скандинавийн, тэр дундаа Норвегийн маш олон хамтлагууд түүний дуунуудыг амьлуулан дуулж маш олон tribute цомгуудыг гаргасан байдаг.



_______________________________________________________________________





Old Man`s Child

Old Man's Child нь 1993 онд Норвегийн Осло хотод анх багуулагдаж байсан Symphonic black метал хамтлаг юм. Хамтлагийн уг үндэс нь 1989 оны үед байсан Galder, Jardar, Tjodalv нарын trash, death метал хамтлаг "Requiem" -ээс эхтэй юм. Old Man`s Child -ыг хамтлагийн цорын ганц солигдоогүй гишүүн Galder анх санаачилан байгуулсан ажээ. Тэрээр хамтлагийн чадварлаг гитарчин, дуучин ба 1976 оны 10 сарын 18 нд Ослогийн хойд хэсэгт орших Jessheim гэдэг газар төржээ. Түүний жинхэнэ нэрийг Tom Rune Andersen гэдэг байна. Тэр бол Норвегийн black металууд дотор нилээд идэвхитэй нэгэн бөгөөд хамтлагийнхаа бараг бүхэл ажлыг нуруундаа үүрч явдаг хүн билээ. Тэр Норвегийн Dødheimsgard хэмээх хамтлагтай хамтарч ажилладаг байна. Мөн тэрээр нилээд майнстрийм black метал Dimmu Borgir хэмээх хамтлагт 2000 онд элссэн байна. Гэсэн ч тэр Old Man`s Child -аа орхиогүй юм.

Galder
Old Man`s Child тийм ч алдартай биш. Учир нь тэд бол жинхэнэ метал хамтлаг. Метал хамтлагууд алдар нэр, мөнгөний төлөө тоголдгүй. Харин жинхэнэ хөгжмийн төлөө тоглодог. Үүний нэг жишээ нь Old Man`s Child билээ. Тэд 1994 онд анхны Demo цомгоо In the Shades of Life хэмээн гаргаж байв. Үүний дараа 1996 онд Born of the Flickering нэртэй цомгоо гаргасан нь тийм ч сайн болоогүй боловч хамтлагийг метал ертөнцөд таниулж, black метал хөгжимд тэсрэлт болж чаджээ. Харин хоёр дахь бүрэн хэмжээний цомгоо 1997 онд The Pagan Prosperity нэртэйгээр гаргажээ. Энэ бол үнэхээр гайхалтай сайн болсон цомог байсан юм. Миний хувьд энэ цомог хамгийн дуртай цомгуудын маань тоонд багтдаг. Надад хамгийн анх метал хөгжмийг мэдрүүлсэн дуу бол энэ цомгийн Return of the Night Creatures гэдэг дуу байсан. Тэгээд энэ цомог миний хамгийн анх сонсож байсан метал цомог болж байлаа. Энэ цомгийн дараа 1998 онд Ill-Natured Spiritual Invasion хэмээх цомгоо гаргаж байжээ. Энэ цомог Монголд худалдаанд байхыг нь нэг удаа харж байсан. Ерөнхийдөө сайн цомог. 2000 онд дараагийн цомог Revelation 666 – The Curse of Damnation -ыг гаргасан. Харин 2003 онд хамтлагийн хамгийн гайхалтай цомог болох In Defiance of Existence мэндэлсэн юм. Symphonic Black Metal гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан цомог гэж би боддог. Энэ цомгийг миний зүгээс үнэлбэл 5 аас 5 өгнө. Хүчтэй, чөтгөрлөг, тэсрэлттэй аялгуу, хүнд харанхуйн дээр уянгалаг үнэхээр гайхалтай цомог. Үүний дараа тэд 2005 онд Vermin хэмээх цомгоо гаргасан. Мөн 2009 онд Slaves of the World хэмээх цомгоо гаргасан нь миний хувьд нилээд таалагдсан.

In Defiance of Existence

Old Man`s Child -ын гишүүдийн хувьд маш их өөрчлөлттэй байдаг. Түүхийнхээ явцад 13 орчим хүн энэ хамтлагаар дамжсан байдаг. Харин ганцхан хүн энэ хамтлагийг байгуулагдснаас хойш солигдоогүй юм. Тэр бол Galder. Melodic black metal болон symphonic black metal урсгалаар тоглоно гэдэг тухайн хамтлагаас маш их ур чадвар шаардсан ажил байдаг. Симфони, оркестр элементүүдийг метал хөгжимтэй хослуулж тоглох чадвар хамтлаг бүхэнд байхгүй болов уу. Метал хөгжим тэр дундаа black метал хөгжим бол гүн гүнзгий, нууцлагдмал харанхуй ертөнц. Тиймээс энэ хөгжим жинхэнэ мөн чанараараа танигдаж хөгжинө гэдэг тун хэцүү асуудал билээ.


Л.Төрбурам
Share |

4 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

in defiance of existence, дууны үгийг нь ойлгоход их бэрх юм аа

Anonymous said...

christianism satanism-н талаар мэддэггүй бол энэ блэк метал хамтлагуудын дууны үгийг ойлгож хүлээж авах их л эргэлзээтэй болох юм шиг..юу гээд ч байгаа юм, осолгүй хөгжимд нь л татагдах юм, үгийг нь ойлгохгүй болохоор гэхдээ тэгээд нэг л дутуу..

Torburam said...

үг чухал биш... метал хөгжимд

Sed7siccness said...

магадгүй метал хөгжмийн шүлгийн хувьд өгүүлэмж нэг ихгүй богино товч хэв маягтай санагддаг. Хамгийн гол нь шүлгэнд тусгагдаагүй гол санаа амин сүнс нь хөгжим дотор нь тодорхой байдаг. Бөмбөр нүдээд эхэлдэг тэгээд солл гитар орж ирж уянгалуулж дараад нь басс гитар бүрч хөгжөөж жинхэнэ гол амин сүнсийг дууддаг тэгж байдал бөмбөрийн тэр нүдэлт цусны бөөм тэсэртэл нүдэж эхэлдэг. Энэ нь санаа алдаад тайвшрал өгөөд дараад нь асар их хөөрөл /тайтгарлын илэрхийлэл/ олгодог гэж би боддог.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.