January 6, 2012

ЯДАЖ ЧАД, ТЭГЭЭД /С.Анударь/

 
 
 С.Анударь хэмээх энэ хүний тухай мэдэхгүй рок хөгжим сонсогч монголд ховор уу олон уу гэдгийг мэдэхгүй юм. Ямартай ч энэ хүнийг мэддэг. Хэрвээ мэдэрдэг бол бүр сайхан хэрэг. Түүнийг мэдрүүлэх гэж нэгэн өгүүллэгийг нь хүргэж байна. Авангард жанрын энэ өгүүллэг надад маш маш их таалагдсан. Уншаад үзэхэд илүүдэхгүй гэж бодож байна. Яахав өөрийн чинь л хэрэг.

"И мы выродки крыс
Да мы пасынки птиц
и каждый на треть патрон"
С.Башлачёв
Байдал хялбар - аравдугаар анги. Улаанбаатар хот, гэрэлтдэг нар. Тэгээд нарийн төмөр,.Тайрсан төмөр. Дөрвөн сум. Калибр 6, 6 мм. Хөгжим дуугарна. Чанга хөгжим, ийм л дуу :
Что не до смерти то ложь
Кто не знает будет жив
Кто узнает в спину нож
Так и надо так и будет жить...
Үхтлээ л биш бол худал
Үүнийг мэдээгүй нь амьд
Хэн мэдсэн - нуруу руу нь хутга
Ингэх л хэрэгтэй ингэж л амьдарна.
…Это родина смерть
Это родина смерть
..Энэ эх орон үхэл
Энэ эх орон үхэл
Өглөө. Гурван цаг. Гурван сар. Уртаа хөгжмөө унтраав. Хөгжим дууссан. Тэгээд унтрав Гэрэл асаа. Эвдэрхий ширээний чийдэн. Сандал дээр төмөр гинж. Дунд зэргийн ширхэгтэй цагаан төмөр. Бугуйг дерөв ороож хүрнэ. Нэг үзүүрийг нь шүдээрээ зуугаад нөгөөдөхийг нь гартаа барьж баруун гарынхаа бугуйг ороо. Тэгээд төмөр утсаар тогтоочих. Төмөрний эвтэйхэн амт. Сайн тогтоо, ахиад бэхэл, Өөрөө зүүсэн гинж. Хараад “Тийм'' гэх юм. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Энэ бөгжийг хэдэн сарын өмнө зүүсэн. Тэгэхэд би яг одоогийнх шиг байсан. Яг тийм. Гэрэл асаа. Энэ хоёрыг тайлаагүй цагт би хэвээрээ. Би байна. Гинжээ хараад одоог санана, тэгээд хэвээрээ. Энэ хоёр үлдээд би хувирч болно. Би байхад энэ хоёр алга болж болно. Хамаагүй. Гол нь байна. Өнөөдөр "Үгүй" маргааш "Тийм" гэж байгаа Уртааг нэг Уртнасан болгох. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Хэн нь хамаагүй, нэг л хүн. хэд ч байж болно. Гол нь битгий дөтийг харж дөрөв хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй. Эхлээд энэ шааранд хутгалдах үгүйгээ бод. Би энд амьдарна. Амьдрана гэсэн бол амьдрах зоригтой, чадалтай бай. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй. Үхнэ гэсэн бол үхэх зоригтой бай. Амьдрал ямар ч гайгүй санагдсан эргэлзэж болохгүй. Эргэлээ бол адаг. Ямар ч ялгаагүй нэг бөөлжисний шаар. Чи нэгийг нь сонгож аваад тэрийгээ эргэлзээгүй биелүүл. Би амьдарна Одоо аравдугаар ангид байна. Төгсөөд ажил сургууль, авгай хүүхэд тэгээд амар сайхандаа жаргажээ".
Үгүй. Наадах чинь биш зөвхөн үзэн ядалт. Тэгээд тулгаж байгаад гохоо дар. Би зүгээр амьдарч чадахгүй. Зүгээргүй гээд панк болж болно, лам болж болно, өрөөсөн гараа хөрөөдөж болно. Эд нар тэгэхдээ аятайхан зөөлөн хэлбэрүүд. Би юмыг дуустал нь тултал нь, юү ч үлдээлгүй үгүй хийх дуртай. Тэгээд та нараас нэгийг хоёрыг, гурвыг... цааш нь харуулна Чи амьд уу, үхсэн үү, бүгдээрээ байна уу үгүй юу ялгаагүй хэрэггүй Юу ч, юунд ч хэрэггүй. Би алдлаа гээд юу ч болохгүй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсэн, зүгээргүйгээр тултал нь, Тэгээд тайрсан капибр. Хэрэггүй, тэхдээ миний шийд. Зөвхөн үзэн ядалт. Үзэн ядалт бол айдас Чи хайрлана. Тэхэд чамайг хайрлахгүй гэдгээс айгаад үзэн яд. Амьдрал бол айдас. Тэгээд айдас, тэгээд амьдрал, тэгээд үзэн яд.
Өглөө долоод бос, тэгээд сургууль, даалгавар, дүн, ангийн сурагчид. Идэр, Пүрэвээ, Сайханаа, Дээгий, тэгээд Уртнасан - би. Завсарлагаар жорлон, тамхи, тэгээд хичээл, хими. Чулуужсан шохой, би Идэртэй ходроно. Азтай байна. Хэдэн төгрөг, тамхины мөнгө, би архи уудаггүй, гэр лүүгээ явган явдаг Явах цаг. Замд хүмүүстэй зөрнө. Явж л байна. Гудамжаар явна, байж л байг, тэгээд наргүй өдөр, бүрхэг сэтгэл шиг сайхан өдөр.
- Ундаа аваарай. Бацаан орилж байна. Уранхай бор бацаан. Миний хөгшин наадахаа зарж байснаас нэг шилээ тэр байшингийн буланд цохиод, хагалаад, шилнийхээ ирмэгээр бид нарын нэгийг зүсвэл яасан юм, Даанч тэгэхгүй, хэрэггүй чиний хэрэг. Чиний зөв. Цас ч юм уу; бороо ч юм уу, эхлээд цас, дараа нь шавхай гутланд наалдана. Хүйтэн байна. Дулаахан хувцастай хүмүүс, монголчууд, гадаадууд. Тэгээд калибр, тэгээд зориг. Зөвхөн зоригтой хүмүүс хэдхэн, тэд удаан байхгүй. Амьдрал тэдэнд харш. Зузаан өрөмтэй сүүнд хийсэн хүчил, харш, гашилна, гашуудал. Амьдрал зоригт зориулагдаагүй хүмүүс, амьдрах ёстой. Бид одоохон алуулна. Алуулахынхаа өмнө наад хоолоо идчих, Тэгээд хөгжмөө тавь: "Секс пистолз", "Нэгдсэн вант улсын анархистууд" гэдэг дуу. Сайн дуу, үгийг нь мэдэхгүй юм.
Сараа — Чи хичээлээ хийсэн үү?
Би — хийсэн.
Би юу ч хийж чадахгүй, хийх юмаа хийсний дараа гурван сум үлдэнэ. Үлдсэнээр нь яаж ч болно. Дараагийн юм дараа. Удахгүй. Шкафанд байгаа бууг санаж дөч наслахгүй, боломж гарангуут буудна. Одоо ч болно, хэзээ ч болно, удахгүй. "Иемай" гэдэг дуу явж байхад тог тасрав.
Даваагийнд очьё. Нилээд удаан уулзалдаагүй. Тэднийд бас тог алга. Даваагийн дүү нь лаа авчрав. Хятад цагаан лаа. Даваа. би олон ярина.
Даваа — Чи конкурс өгөх үү?
Би — Мэдэхгүй, Яасан ч яахав
Даваа — Хөгшин тэгээд юу хийж байна даа?
Би — Юу хийх вэ, байж л байна.
Даваа — Ер нь сайхан байгаа биз дээ?
Би - Ер нь сайхан л байна. Яав л гэж. Чи ч гайгүй л биз дээ.
Даваа — Тийм. Амьд л бол жаргал.
Би — Тог ирэхгүй нь ээ
Даваа — Удахгүй ирнэ байх.
Би — Нэг өдөр амьдарсан бол нэг өөдгүйтсэн гэсэн үг.
Даваа — Тийм, хүн болгон амьдарсан. амьдарсан бүгдээрээ адгийн новш. Дараа нь үхээд ч нэмэргүй.
Би — Тийм. Ялангуяа хөгшчүүл. Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг.
Даваа —Тийм. Би сайн өвгөн болно.
Би — Миний яс — сайн яс.
Даваа — Тог ирэхгүй нь.
Иймэрхуу буу халж байгаад би харив. Тог тасраад харанхуй болоогүй, гэрэлтэй болоогуй, харанхуй биш, гэрэлтэй биш, гудамжаар явна. Явсан хүн яс зуудаг, Надад та нарын яс хэрэггүй, надад өөрийн цус байна.
Тав дахь өдрийн гурав дахь хичээл тоо, алгебр. Тэгшитгэл. Мэдэх юм алга. Манай анги. гайгүй анги. Зүгээр хүүхдүүд. Тэгэхдээ нэг л биш. Урд шаравтар урт үстэй охин сууж байна. Самбараас юм хуулах гэж оролдоно. Жаргалмаа. Миний "анхны хайр". Хайр миний үхэл биш, миний үхэл эхний сум.
Дээгий — Чи уран зохиолоо хийсэн үү?
Би — Үгүй.
Дээгий—Юу өгсөн билээ?
Би—Мэдэхгүй, хоёулаа гарч тамхилья.
Би — Багш аа, гарч болох уу?
Жорлонгийн цонхны тавцан. Тамхилж байхад хичээлийн эрхлэгч орж ирэв. "Хичээл дундуур гараад тамхи татаад .... Ээжид чинь ... " Шар пиджактай, харцтай, настай эрхлэгч. Би тамхиа унтраав." ... Хичээлдээ ор! ... Юу гэсэн үгэв ... "
Эрхлэгч доошоо буугаад явчихав, би ч харья. Сургуулийн хашаа, зам, байшин. Байшин тэгээд манайх. Гэрт ээж, эгч, Баатар гурав. Баатараа манай хамаатан. Би юм ярих дургүй. Ширээ. Бөгжтэй гарт аяга. Өрөөндөө орьё. Хийх юм байхгүй.
Хорин дөрвөн цаг хавьцаа. Чихэвч, хөгжим, трэш, үгийг нь мэдэхгүй, ритмийг нь ганцаараа давтана. Тамхи асаав. Шалан дээр шүдэнзний мод, шатаж байна, Сайн хөгжим. Далайгаатах. Энэнийг урагдтал нь. Далайгаатах. Яг энэ. Миний хар гэрэл, миний гэрэл, миний зориг. Тэгээд хөгжмөө унтраа, унтраагаад тамхилж сууна. Одоо хэдхэн мөр тавих сэтгэл, хүч байна. Хэдэн цаас гаргаад ир, дөрвийг, үзэг, "Арсландай мэргэн хааныг" янзалья. Би уран зохиолоос ардын аман зохиолд л дуртай. Энд амьдралын зэвний амттай сэтгэл, үг тааралддаг. Үлгэр, цэцэн үг, ертөнцийн гурав, дөрөв, тав, зургаа…
Арсландай мэргэн хааны үлгэрийн мэргэн саарал бол заяагаа таньсан амьдрал, үхлээс мултрах аргагүй, хэрэггүйг ойлгосон эр зориг, саарал чоно. Ардаг хүрэн байж л байгаа. Ардаг хүрэн гүйцээд ирэг. Амьдарлаа ч яалаа, үхлээ ч яалаа. Арслан бартай уралцаж байгаад үхэх, алгын чинээ адсаганд гүйцэгдээд үхэх ялгаагүй, нэмэргүй. Алахдаа алсан, үхэхдээ үхнэ. Уулзах гурван хэмжээгээ тайван хэл, тайван зүгээр үхнэ, саарал чоно. Зориг. Яаж алуулахаа мэднэ. Мэдээд мултрах гэж оролдохгүй, саарал чоно, харгис соёо, алуурчин соёо. Харгис амьдрал. Өөр амьдрал хэрэггүй. Соёогоо ургуул, зоригтой бай. Тайрсан калибр, дервөн сум. Далайгаад огтол, амьдралыг. тэнгэрийн хоолойгий нь судсыг нь, гохоо дар.
Хатуу тамхи, хатуу гэрэл, цус зориг. Өглөөний дөрөв, унт. Зүүд. Амьдралыг огтолсон зүүд. Миний зүүд, Миний амьдрал.
Хагас сайн өдөр, дутуу сайн өдөр. Өглөөний хоол идмээргүй байна.Ямар ч байсан идчих, ямар ч байсан амьдар. Цадталаа хахталаа, үхтэлээ, бөөлжтөлөө, алтлаа. Зургаан хичээл, цүнхээ ав, Өчигдөр Дээгий авчирч өгсөн. Гадаа дулаахан байна. Дулаахан агаар, дулаахан нар. Сайхан байна. Гайгүй өдөр. Тайван алх. Сургууль минь ойртож л байна. Арван жил сураад, тэгээд жаран жил амьдарч болно. Арван найм уу, далан нэг үү, нэг л сар, нэг л дулаахан, дулаахан сар, дулаахан баас. Сургууль, өлгүүрт баахан бацаанууд. Дээшээ гараад ангидаа ор. Физик гайгүй багш. Нойр, зүүд, калибр 5,6 мм. Хонх.дуугарав. Завсарлагаа. Жорлон, тамхи. Дээгийгийн шүдэнз. Цонх, хана тааз, унитаз, ахиад хонх. Хичээлд сууна. Хонх. Хагас сайн өдрийн өдөр дуусав. Дараа нь орой болсон, тэгээд дууссан. Ус байна, усанд ор.
Шөнө, өнөө шөнө мэргэн саарлыг үргэлжлүүлэхийг оролдоно. Юм бичихэд уур, хор шар эрч хэрэгтэй, тэгээд эрчтэй хөгжим тавь, "Алиса"-гийн "Красное на чёрном". Тамхи сор, сайн сор, толгойгоо хананд налаад үгийг нь давт. Сайн үг. Эндэхээс салгах гэсэн үг. "Босоод ир, бос!" гэсэн үг. Тэгээд эндхийн манаач нарын царай нь харагдана, жад нь гялбалзан ард нь улаан сар. Тэр сарыг үзэн яд. Хүрээд оч, тэгээд жадаар нь элгээ уруул, жад би, нарыг заавал олно. Олно гэдгийг нь мэдээд босож чад. Эндээс зайлж болохгүй. Зайлаад очих газар байхгүй. Тэгээд тийшээ яв, үх. Ингэж чадахгүй гэж битгий эргэлз. Бид чадна, ална, алуулна.
Зүүн гар дээрээ тамхины цогийг тавь, Мянга мянга болж хуваагдсан секунд, цог харлаад унтрав. Алган дээр улаан толбо. Хөгжмөө унтраа. Гэрэл хэрэггүй, за асаачих, цаас үзэг, хар бэхээр өдөр сар; гурван сар, бичихэд нэг л хэцүү байна. Одоо арай болоогүй байна. Хэд хоёр хоногийн дараа болно
Сайхан нойрс.
Шар нар. Хот. Уул. Зүүн гарын алган дээр шар усаар дүүрсэн пүмбэгэр юм гараад ирж. Хэтэрхий нартай байна. Гэрэл, шкаф, ном, кассет энд тэнд хаягдсан хэвтсэн ном, нараар. тэр бөөрөнхий шар нараар харвадаг. Өдөр болгон, нар бол сум. Намайг оноогүй удаа байхгүй. Бүрхэг байлаа ч харанхуй байлаа ч гэсэн. Нар бол сум, тиймэрхүү л зүйрлэл. Бүтэн сайны өглөө нэг л уйтгартай, уйтгартай бүтэн сайн. Цайгаа уугаад буцаад унтлаа. галзуурсан сэтгэл, шаравтар гэрэл, тэгээд бугуйвч. Тэгээд хүлээж л бай. Таван цаг бүтэн сайн. Ээж Сараа хоёр зурагт үзэж байна. Би юу ч үздэггүй. Тамхилъя. Тамхилаад арай дээр болно, Дээр, доор. Би нэг л дөрвөлжин өнцөг. Хурц өнцөг. Сэргээтэх. Сэргэх чадал алга. Тэгэхдээ оролд. Дуугарч байгаа хөгжим. Тамхи асаа. Тэгээд унтраа. Маргааш нэгдэх сайн өдөр. Хар бугуйвч.
Ном харъя. Ямар ч ном хэрэггүй, тэгэхдээ зарим үг, хөгжмийг сонсоход цус хатуурдаг, нүд хурц болдог. Тэгээд гинж. бөгж цус олдог.
“ “ “
Сургуулийн хашаа. Хичээлд хоцорсон, түүхийн хичээл, сургууль дотор ороод хэрэггүй. Газар дээр сууж харагдаж байгаа бүх юмыг харж сууна.
Завсарлатал 15 минут. "Тохиролцоо" оръё. Мөнгө байхгүй. Тамхинаас өөр хэрэгтэй юм алга
Сургуульд манай анги хоёр давхарт, Ангийнхантайгаа мэндэлнэ. Тэд бүлэг бүлгээрээ, нэг нэгээрээ, миний хажууд байнга суудаг хүүхэд байхгүй ихэнхдээ Заяа суудаг, одоо сууж л байна.
Заяа — Эхний хичээл дээр яасан?
Би — Яавал гэж,
Хичээл эхлэв. Паартан дээр миний урласан хоёр бичиг: "Креатор", "Бид та нарыг оршуулна". Гараа дэрлээд хэвтэхэд гинж дух нухна.
Заяа — Уртаа бос, багш чам руу хараад байна. Өндийж багш руу, самбар луу, самбар дээр нэг юм бичиж байгаа хүүхэд рүү харна. Хараад л бай, хараад л байна, тэгээд завсарлагаа, тэгээд ахиад хичээл. Жаргалмаа байж л байна. "Тийм". "Үгүй". Надад аль нь ч хэрэггүй. Миний хэрэг тайрсан калибр. Тав. зургаа дугаар хичээл. "Нийгмийн тухай мэдлэг”. Багш Идэрийг аятайхан байцааж байна, гарт нь үзэг, доор нь журнал, Би паартан дээр "Креатор" гэсэн бичгийг сэргээнэ. Сэргээж амжаагүй байтал хонх дуугарав. Жорлонд Дээгий Заяа хоёртой буу хална. Мөнгө төгрөг, шалгалт конкурс, хөгжим.
Багш — За, сая үзсэн шинэ сэдвийн ... "Креатор" - ыг дуусгахаас залхуу хүрч байна. Миний зүүдэлмээр зүүрмэглэл. Хоосон тал газар, нар, сар байхгүй. цусан саарал гэрэлтэй хаяагүй, тэнгэр, тал дунд зогсож урагшаа харж байгаа саарал чоно. Шар соёо далд, хэрцгий биш. Чонын харц. Талыг ширтэнэ. Чоно эр зориг, Өөрийгөө цэвэр эр зориг гэж хэзээ ч мэдэхгүй чоно. Хоосон талыг ширтэнэ. Эр зориг, хүч чадал, Цусан саарал гэгээтэй ариун тал. Тэгээд сургууль тараад харьсан.
Ээж. Гэр. Миний өрөө, цэнхэр хөшиг. Хөгжим, трэш сонсоход хүрч мэдрэгдэж жаргал ойртдог. Миний калибр, цус болсон гинж, Тэгээд "Металлика". Үсээ хяргах болж. Ванны өрөөний угаагуур дээр сонин дэвсээд үсээ хяргаж эхлэв. Сайн тайр. Ардаасаа битгий ав, ургаж л байг. Нэлээд их үс унасан. "Үг" сониныг хэд нугалаад, сэгсэрч үсээ бөөгнүүлээд жорлонд хий, шээс хүрч байвал дээрээс нь шээ. Усаа тат. Үсэнд их хийморь байдаг биз дээ. Харъя. Намайг хэн хийсийн.
Хамаа алга. Байгаагаараа л байна Тэгээд усанд ор. Дуусаад хувцсаа өмс, хаалгаа хаа, чийдэн унтраа.
Миний буу. Удаан хараад хэрэггүй. Одоо арай болоогүй, хэзээ: мэдэхгүй. удахгүй. Өнөөдөр Даваатай уулзах хэрэгтэй. Даваа 1992 оны "Нирвана” олсон гэсэн. 24753 дугаартай утас.
Утас авсан хүн — Байна.
Би—Даваатай ярья.
хэдэн секунд "Нирвана"- г төсөөлнө.
Даваа — Байна.
Би — 3а юу байна даа?
Даваа —Уртаа юу?
Би — Тийм
Даваа одоо завтай гэнэ.Очиж бичлэг хийе, удахгүй ч.гэсэн хөгжим хэрэгтэй. "Нирвана"-г сонсолгүй шууд бичнэ. Сайн хамтлаг. Тэгэхдээ тэд нарын тоглодог панк - рок трэшийг гүйцэхгүй Заводки бага байхад, найз нартайгаа буу халаад хажуудаа хангинуулж суухад панк - рок.яг таарна. Өөрийн энергийг сайн тултал нь мэдэрье гэвэл трзш сонс..
Даваа бид хоёр дэмий ярина. Даваа бид хоёрт ярих юм олддог. Тэгэхдээ надад найз байхгүй Миний цус зөвхөн минийх. Хэнд ч хэлэхгүй. Чи найзаасаа амьдрах амьдралаа, үхэх үхлээ нуудаг бол тэр чинь найз биш, сайн л бол сайн танил. Даваа сайн банди. Бичлэгээ хийгээд харив. Тэгээд,
Тооны хичээл. Би дэвтэртээ бас тоо урлана, дараагийн хичээл физик. Самбарын өмнө жаал зогсож байгаад буцахад багш. "Уртнасан чи !'хоёр'' гарлаа шүү. Хичээлээ хий". Би толгойгоо дохино.
Би сургуулиа төгсехгүй байх Төгслөө ч удахгүй. төгсөхгүй гээд гэртээ хэвтээд байх сонирхолгүй, явмаар санагдвал явж л бай. Сургуульд хамгийн яршигтай юм нь "Хүмүүнлэг шинжлэх ухааны үндэс тавьж байгаа хичээлүүд" түүх, нийгмийн тухай мэдлэг ... Би зурагт үздэггүй, сонин уншдаггүй, үзээд, уншаад ойлгоод ирэхлээр дотор муухай болдог. Энэ хичээлүүд дээр тийм л юм ярьдаг. Долоо, наймдугаар ангид байхад багштайгаа маргадаг байсан. Дараа нь хэрэггүй.
Сургуульд орчин агаар, гэрт агаар, надгүй агаар агаар биш. 'Креатор” , "Металлика”, “Детс” . “Слэйнер” ... хөгжмөө асаа тасраагүй юу хамаагүй, тамхи байна уу, үгүй юу, эрүүл саруул уу, өвдөж шаналсан уу хамаагүй бид олон биш. Тэгэхдээ бид байна. Би олон биш, тэгэхдээ надад би байна. Нэргүй, Дээгий, Даваа, тэр Даваа биш, миний "Нирвана"-г бичсэн Даваа. Бид нэг гаралтай юмыг байгаагаар нь харах: Байгаагаар нь харах хүсэл, харсан юмаа хийх, итгэх, өөр юм хэрэггүй. Өөр итгэл - заль, худлаа хэрэгцээтэй итгэл. Нэргүй эндээс
мултрахаар шийдээд мултарсан. Дэлгэр яасан ч амьдарна, Би цээжинд нь тулгаж байгаад гохоо дарна. Бид нэг гаралтай, харсан юмаа харж чадна. Бид нарыг энэ ертөнц даахгүй. Энэ газар харийн газар. Тэгэхдээ бид энд төрсөн, шулуун цустай төрсөн, одоохон үхнэ, ална, амьдарна. Дэлгэр л амьдарна. Одоохон дуусна, дандаа инээ, тэгээд амьдардаг. Амьдартлаа үхдэг.
Тог ирлээ, цаг өглөөний дөрөв. хөгжмөө асаа, гэрлээ унтраа. Би гэрэлд дургүй. Гэрэл - нүдээ анихад юу ч хармааргүй байхад нүдэнд тулгасан бүх юмыг улаан шар үзэгдэл болгосон гар чийдэн. Гэрэл - оргоход арван тавны сар. Гэрэл - чиний нэрийг дансанд оруулж байхад тэр шар цаасыг гэрэлтүүлж өгсөн чийдэн. Гэрэл - амьдаряа гэхэд үхэл, үхье гэхэд амьдрал. Би юмыг байгаагаар нь хараад тэрийгээ нуудаггүй. Тэгэхдээ тэгээд харсан юмаа гэрлээс нуухгүй, өдөр болоход ч би хэвээрээ байна. “Креатор” Өөрөө дотроо эрх чөлөөгөө, зоригоо мэдрээд сайн сонс, сэтгэлд жаргалаас илүү хүйтэн эгзэгтэй жаргал бялхаж эхлэн, бялхаж хальж шөнө дунд хашгирч эхэлнэ. Энэ үед эндээс чөлөөлөгдсөн юм шиг санагддаг. Эндээс салж болохгүй нь падгүй болдог. Эрх чөлөө, зориг, үг ойлголт хэрэггүй болтол мэддэг. Яг энэ. Цаашаа!
Цаашаа зайлцгаа! Бүгдээрээ,
Дараа нь нойр хүрнэ. Юм бичих хүсэл алга. Хүсэлгүй бол тэр л биз. Би өөрийн эрх чөлөө зоригийг мэдэрсэн. Тэрийг цаасан дээр буулгах албагүй.Тэр цаасан дээр буухгүй.
Өглөө сэрээд цаг харахад зогсчихож. Одоо долоон цаг тавин хэдэн минут байх ёстой. Ванны өрөөнд орохдоо ханын цаг харахад долоо тавин хоёр, Би цаг андуурдаггүй. Тамхилаад унтлаа. Сэрээд сүүлчийн хичээлд очсон. Хармаанд тамхи шүдэнз, түлхүүр, есдүгээр ангид дандаа хутгатай явдаг байсан. Хөзөр.
Заяа—Би ханасан.
Бид хоёр хоцорч цаг барна.
Гэрт бас цаг барна. Амьдралаа барна, үхлээ барна, би бүгдийг барна.
Халуун, чийгтэй, хөлстэй, цэвэрхэн ванны өрөө, хөөстэй ус руу тамхиныхаа үнсийг хаяж, ваннд хэвтэнэ. Чихэвч, "Нирвана". Гараад трэш. Одоо хайрсан. эгзэгтэй жаргал цутгаж ирж байна. Ертөнцийг хэрчсэн гитарын утас, мэргэн саарлыг бодно. Шар соёо, улаан нүд өнөө шөнө бичнэ. Ардын аман зохиолоо харъя
Алгын чинээ шар тосонд
Амьтан бүхэн шингэнэ" (нар)
Нар шар тос. Энэ алгын чинээ шар тосонд амьд бүхэн шингэнэ. Шингээд алга болно. Оньсгонд том ойлголтыг жижиг ердийн юмтай харьцуулах арга байдаг. Тэгэхдээ энэ оньсого зөвхөн арга биш, энэ жинхэнэ үгүйсгэл.
Тэгээд шөнө болно, тэгээд “металлика" мэргэн саарлыг дуусга. Гинжээ хар. "Ту лив из ту дай" - амьдрах бол үхэх. Мэргэн саарал, Гурван чоно. Алгын чинээ адсагыг идэхгүй ч гэсэн зулгааж алж болно. Тэгээд яах юм. Гурван удаа уулзана. Одоо би ганцаараа байх ёстой. Би ардаг хүрнээс зугтаагүй, давхиад ирэхэд нь адайрахгүй хүлээж л байна.
Нэг хуудас юм боллоо. Дараа нь цээжинд нь тулгаж байгаад дарахад би бичсэн хэдэн юмаа үгүй хийнэ. Энэ зөвхөн минийх. Үлдээсэн үлдээгээгүй ямар ч ялгаагүй, тэгэхдээ би энд амьдарсан. Хүссэнээрээ амьдарсан, тэгээд зөвхөн миний юм байх ёстой. Ахиад хөгжим, ахиад тамхи. Энэ дууг чангал, бүүр чангал, сэтгэлээ чангал. Миний эрх чөлөө. Зөвхөн миний хөндийрэх гэсэн жаргал, дараа нь Саша Башлачёв.
Өглөөний зургаа. Унтаад хэрэггүй, нар дөхөж л байна. Усанд ор. Тэгээд сургуульдаа яв, юм идээд хэрэггүй, өлөн гэдсэн дээр юм илүү байдаг. Гэрэл унтраа, зүүрмэглэл. Таван минутын зүүд. Эмгэн. Дөрөвдэх өдөр. Гадаа сэрүүхэн байна
Химийн хичээл. Гадарладаг л байлаа. Одоо гадарладаг юм. Миний амьдрал, дөрвөн сум. Би сонирхолтой ном байдаг гэж дуулсан. Вийнон, Рильке "Тэгэхдээ бид амьтан ургамлаас илүү эгзэгтэй аюултай хамт нэг замаар явдаг". Надад энэ зохиолууд хэрэггүй, боломж гарангуут гохоо дарахад хэдэн үг хамаагүй. Ер нь хамаагүй.
Сургуулийн хана — гудамжны хана — хөх тэнгэр, тэгээд гэр. Тэгээд унт. Сэрээд зүүдээ санах гэж оролдоод хэрэггүй. Тэнд ч энд ч.
Ханан дээрх бичгийг хар. Сэрсэн, тэгээд сэрмээр байна, надад сэрэх хэрэггүй. Би дандаа бэлэн, яасан ч гохоо дарна. Өөр би яахав, яаж ч чадахгүй байгаа юмыг нусан дээр наасан цэр, тэгээд би цусаар найруулна. Өөр би яахав, тэгээд шөнө болохыг хүлээ. Тэгээд шөнө болно. Шөнө болохгүй байж болно. Тэгэхдээ гохоо дар, гохыг шавар болгож болно намайг хувиргаж болно. Үзээтэх! За үзээтэх! Хувиргаатах! Тэгээд дар, наадхаа. Дар.
"Слэйнер", тамхины цог, бөгжтэй гар, сарыг халхалсан үүл. Энэ мөнхийн рашаанаар хахаж үхсэн амьдрал Энэ сарыг хар. чийдэн. Тэгээд нүдээ ань. сайн хар; сайн хараа.
Уржигдар шөнө бичсэн юмаа хар. Уншигчид харц хатуурна. Цус цээж түлнэ. Яг. Илүү юм үгүй. Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж
ч болно. Одоо дандаа ийм байна. Энд илүү юмтай байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм.
Тооны багш алга. Гэртээ харимааргүй байна. Дээгий, Пүрвээ, Идэр бид хэд гадаа сууж буу хална. Гэрэлтэй өдөр, цагаан сургууль. Бацаанууд гүйлднэ. Тамхи дууссан. Багш хүрээд ирлээ. Дөрвүүлээ хичээлдээ оров. Багш руу харж алхана, харимаар байна.
Юу ч хэрэггүй зөвхөн үзэн ядалт. Үзэн ядалт хэрэггүй санагдвал үх. Жинхэнээсээ үзэн ядахад удахгүй гохоо дарах болно. Одоо удахгүй. Өөр юм байхгүй. Тэгээд сандал, паарт, хөшиг. Ангийнхан хяналтын ажил хийнэ. Би бас хийнэ.
Дээгий — Чи эхнийхийгээ хийсэн үү?
Би — Үгүй. Чи дууссан бол хоёулаа гарч тамхилъя,
Дээгий — Одоохон, нэг юм хараадхая
Би — Гаръя
Ахиж тамхилаад хичээлдээ оров. Нойр хүрч байна. Тараад Даваагийнд очно гэсэн больё. Харилаа. Харих зам харийн зам. Харья.
Зургаан цагийн үед сэрсэн. Тамхиа зуу. Сайн өдөр, сайн шөнө болно. Цаг барж, ном харна. Үлгэр. Ванны өрөөг Майк магтсан. Бүгдийг мартаад усанд ор. Мартмаар юм аа. Халуун ус, бүүр халуун ус. Тэгээд хүйтэн душ. Уснаас гараад "Лэд Зеппелин”. Тамхилна." Тайван жаргал, энэ хэтрээд цайсан хар болохыг мэднэ. Одоо яг сайхан байна. Тэгэхдээ би энэ жаргалыг мэдрэх гэж амьдрахгүй, сайхан байсан ч сайхан байдаггүй. Тэгээд би калибраа бодно. Хамгийн дуртай кассетаа тавь. "Креатор-89". Бөмбөр нь богинохон тасарсан хүчтэй ритм, зэв шиг иртэй гитар.
Онгорхой цонх, тамхи, хэд хоног сар руу харахлаар, дургүй хүрээд харж чадахгүй болсон. Уул—тэнгэр мар (15} хэтэрхий уужим тайван, нэгдмэл цул юм. Би урагдсан тасарсан юм хармаар байна. Ураадах, ур! Одоо уул - тэнгэр сар. Тэд уранхай юмны нэг хэсэг. Тэр лүү хар, нулим. Уужим биш, хурц хэлтэрхий. Чи ч бас хатуу харгис байх ёстой.
Сүүлчийн дуу, туйлсан жаргал. Багад уйлахад ийм сонин болдог байсан. Бүх юм өөр болно. За боллоо. Санаж болохгүй зэвүүн хүйтэн жаргал, тулсан.
Цаашаа.
Хутгаа гаргаад ир, хамаг хүчээрээ зүүн гараа зүс, "Эргэлзээ", "айдас" гэдэг юм санагдахгүй зүс. Тэгээд тамхи. Хана руу хар, өөр юм харагдахгүй, алга болоогүй ч гэсэн харагдахгүй. Босоод гоожиж байгаа цусыг хар бэх рүүгээ дусаа. Гинж бөгжөө норго, сайн норго. Ханан дээр цусаараа хэдэн үг бич. Гоожиж байгаа цусыг хананд түрх.
Гараа далайгаад цусаа цац. Өөр яахав. Шил — хана — цус. Миний өнгө. Миний хар цус. Шал — хана — шал — цус.
Дургүй хүрч эхлэв. Цус болсон тамхиа унтраа. Гараа боо. Цусаа тогтоо. Хармааргүй байна. Тамхи. Усанд орьё.
Өрөө цул утаа. Тамхилаад унт. Энд тэнд цус, хармааргүй байна. Тэгэхдээ итгэж байна, итгэхгүй гээд хайчихав. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар. Сайхан байна, Гинж бөгж хэрэггүй. Энэ хоёр төмөртэй төмөргүй би хийх юмаа хийнэ". Миний зориг — миний харсан бүх юм. Энэ хоёр төмөр хэрэггүй. Би өөрийгөө хэзээ ч санана. Дандаа санана. Гинж бөгжеө тайлаад хэрэггүй. Байж л байг. Би байвал л би байна, хэвээрээгээсээ илүү хэвээрээ. Тэгээд унт, одоо яг бүх юм хар төмөр.
“ “ “
Найм аравт сургуульдаа очсон. Мөнгө алга — Дээгий тамхи байна уу? “Ту-134". Хичээл, нойр хүрч байна. Бүх юм нэг л сонин, эрүүл биш юм шиг. Би есдүгээр ангидаа тайвшруулагч эм нэлээд сонирхдог байсан. Амьдрал нэлээн сонин сайхан байсан. Сайхан, уур хилэн алга болохоо дөхсөн. Тэгээд нэг хэсэг хоёр нүд тус тусдаа харж байсан. Бүх юм хоёр болж харагдана. Дараа нь хэвэндээ орсон. Тэгээд цус тогтохоо больсон байсан. Цагаан хувцастай эмч нар цус тогтоох тариа хийнэ. Хамар руу метр метрээр хөвөн чихнэ. Тэгээд дараа нь сонирхолгүй болсон. Альгебр, биеийн тамир, би бүгдээрэнд нь үзэгдсэн, арван хоёр өнгөрөөд харьсан.
Хоол иднэ. Ном харна. Гайгүй хүний тухай бичиж. Энд бүгдээрээ сайн хүмүүс. Номын тавиур цус болчихож. Цагаан шкаф. Арчаад хэрэггүй. Өнгөнөөс цааш юмгүй, Миний дотор байгаа юмнаас өөр юм цааш юмгүй.Юмгүй, тэгээд би буудна.
Заяа ирэв. Хоёул буу хална.Тамхи дуусчихаж, Би "Нирвана"-г ойлгуулах гэж оролдоно. Заяа инээнэ. Байж байгаад хоёулаа тамхинд гарав. Салхитай байна. Шар шороо, автобусны буудал, дүүрэн хүмүүс. Модон мухлаг, салхи. Хүмүүс сууна, зогсоно, явна. Бид хоёр явна.
Дөрвөн тамхи. Эндээс холдож тамхилав. Заяа анагаахад конкурс өгнө. Зургаан жил сурна. Юуны эмч болохоо мэдэхгүй гэнэ. Зургаан жил. Энэ хэдэн амьдрал, хэтэрхий урт.
Заяа — Чи яахав?
Заяа — Хоёулаа кино үзье. Энэ сонирхолтой кино,
Би — Мэдэхгүй.
Би — Дараа болоё. Одоо би харилаа.
Гэрт чийдэн, ширээ, кассет, ном. Өнөөдөр эрт унтъя.
"Нынче я пораньше лягу
НЫНЧЕ отдохну
Убери же с глаз бумагу
Дай дорогу сну" В.Шаламов. Орчуулга нь энэ байна. Одоо би эртхэн унтлаа, амарлаа, цаас нүүрнээс аваадах. Энэ нойронд зам тавиадах, энийг санаад хэвт. Сайн сана. Маргааш бүтэн сайн.
Уртаа, босоорой. Сараа намайг талханд явуулах гэж оролдов. Өөрөө явна биз. Би юу ч хийдэггүй, зөвхөн иднэ, унтана, ээж, эгч хоёр л бүгдийг хийдэг. Би сонсож л байна. Одоо эгч ээж хоёр хэрэлдэж эхэлнэ. Буцаж унтах гэсэн чинь болсонгүй. Босоод хувцаслаад, тэгээд Даваагийнд очьё.
Зах гарах гэсэн хүмүүс, захаас ирсэн хүмүүс. Тэд нарыг харж автобус хүлээнэ. Тэд бас хүлээнэ
Даваагийнд цай хөгжим. “Секс пистолз”. Бид хоер сонсож магтана.
Даваа — Жонс сайн хоолойтой.
Би — Тийм. Өгсөн юмыг нь урдаас нь цац. "Үгүй" гэх,
Даваа — "Тийм”, "Үгүй" гэх. Кассет дуусаад Даваагийн дүү нь кассетаа тавив. Надтай чацуу банди. Би хөгжим сонсохгүйг хичээж Даваатай ярина.
Би — Сайханаа яасан?
Даваа — Бид хоёр салсан, нэлээд дээр үед. Хайр дуусаа. Ариун хайр ч хэрэггүй. Жийб ч хэрэггүй. Аль нь илүу заваан юм.
Би — Бодох хэрэгтэй.
Даваа — Шороо.Илүү шороо юу: ус илүү ус уу?
Би — Сайн илүү муу, муу илүү муу юу?
Даваа — Бодох юм их байна,
Би — Сайн бодохгүй бол болохгүй. "Металлика" тавьчих. Дүүгээс нь тамхи авав, тэгээд яриа
Зургаа хавьцаа тэднийхээс гарсан. Автобусны буудал. ЗСБНХУ-ын нэг хотод үйлдвэрлэсэн автобус намайг хүргээд өгөв.
Ээж, эгч хоёр алга. Хүн байхгүй байх нь дээр Байхгүй байж байгаад байх гэж ирдэг. Байхгүй болсноо санахгүй. Унтлаа.
Шөнийн нэг. Гал тогоонд орж байхуу цай ууя. Ус буцлахыг хүлээж тамхилна. Цонхоо онгойлгоод цонхон дээр суухад тамхины үнэр өрөө рүү орно. Урагшаа хар даа. Эндээс мултарч болох юм шиг санагдахад мултарч болохгүй нь илүү мэдрэгддэг.Хамаагүй илүү. Ус шуугина. Цайгаа хандал, тэгээд өрөөндөө ор. Ширээний чийдэн, цаас, эрх чөлөө бол чамтай тохиолдож болох хамгийн муу юм болоод тэгээд чи арай үхээгүй үе. Тэгээд энэ үеийн тухай бич. Бид та нарыг оршуулна.
Бэхэнд цус байгааг санана. Цус хэрэггүй, тайван бай, тайван. Тэгээд цээжинд нь тулгаж байгаад гохоо дар.
Тамхи алга. Орон дээрээ сууж нэгдэх өдрийн тухай бодно.
Өнөөдөр нэгдэх өдер.
Одоо очих сургууль, энэ гудамж. Энэ хүмүүсийг бүгдийг үзэн яд. Амьдрал — бүгдийг алах аллага. Нэлээд гэрэлтэй байна. Өглөөний арван цаг. Энэ хотод харж болох ганц юм — уул. Ойртоход намхан болдог. Шар шороо, жижиг чулуунууд. Холоос ч хараад хэрэггүй.
Альгебр, физик, утга зохиол, биологи, Нийгмийн тухай мэдлэг, Завсарлагаанаар Пүрвээтэй уулзана. Пүрвээд сум байгаа гэнэ. Маргааш авчирч өгнө, калибрын сум. Би баярлана. Би маргааш ирнэ ээ.
Ангийн хурал болох сурагтай. Бид явлаа. Засмал зам. Шороо, хоёр зүлэг, тэгээд мод, тэнгэр. Надад зам үгүй, байсан бол цусаараа зураад, та нарын хүүрээр хучна, тэгээд явна.
Замын уулзвар дээр бацаанаас тамхи авав, ширхэг нь зургаан төгрөг, шороон шуурга, дотор нь нар. Доор нь шуурга.
Манайд Баатар ирж, Ээж, эгч, Баатар гал тогоонд цай ууж сууна. Баатар манай хамаатан, баян залуу.
Хийх юм алга. Одоо Пүрвээгийнд очиж сум авъя.
Автобусны цонхоор харна. Хөрсний саарал шар шороо, чулуу. Хэдэн давхар шаравтар байшингууд, хүүхдүүд шороонд дарагдаж, хатаж байгаа даавуу, хувцас, шороо, жалган дээр байшингууд. Энэ хот биш, Үхсэн хөрсөн дээр хэдэн хашаа барьсан, цемент угсарсан, амьдарсан хүмүүс, зургаан зуун мянган хүн.
Автобуснаас буугаад тамхи. Пүрвээгийнх энд ойрхон. Ойрхон. Одоохон. Пүрвээ хаалгаа тайллаа. Мөнгө, би сумаа авсан, тэгээд харьсан. Таван сум. Надад дөрөв байгаа, нийлээд ес. Буугаа шалгах хэрэгтэй. Би ганц ч удаа буудаж үзээгүй. Маргааш үзнэ.
Гал тогоо, ширээ, бүтээлэг. Баатар явж, ээж эгч хоёр сууж л байна. Ээж миний сургууль соёлыг сонирхоно. Би тэр хоёрыг харна. Би баяртай үгүй болно. Эгч ---Нөхөр нь хаднаас үсэрсэн, дүү нь одоохон будаа.
Өдөр гэрэлтэй байхад цагаавтар цулцгар, тунгалаг байдаг, Шөнө л
жинхэнэ байж болно. Өдөр өөр хүмүүс байдаг, амьд хүмүүс тэдэнтэй шударга байдаггүй амьд юм шударга байдаггүй. Шөнө ганцаараа өөрөө өөртөө шударга байна гэдэгт итгэж болно. Өдөр хүмүүс байдаг, шөнө хэн ч байх ёсгүй. Би, тайрсан калибр. Амьдрал надад хэтэрхий үхтлээ хайртай. Тэгээд би өөрийнхөөрөө байх ёстой. Өөрөөсөө өөр юм байлгаж болохгүй. Надаас өөр юм байлгаж болохгүй. Надаас өөр юм харгисаа ойлгохгүй, худал, харин чи энийг ойлгоод цээжинд нь
тулгаж байгаад гохоо дар. Яаж ч жаргасан гохоо дарна. Яаж ч гашуудсан гохоо дарна. Хараандаа сайн оруулаад сайн бууд.
Маргааш калибраа шалгана
12 цагийн хавьцаа сэрсэн. Тэгээд сургууль. Онцгүй өдөр. Байгаль хэвээрээ. Би бараг хэвээрээ, калибр хэвээрээ. Хиртэй шал. Тэнгэр. Сургууль хоёрдугаар ээлжийн бацаанууд таньдаг хүн алга. Дэлгүүр орж тамхи авъя. Тохиролцооны дэлгүүр бараан бараа, бараан биш бараа.
-Хайрцаг "ВТ". Гараад асаа. Тэгээд харь.
Эзнээсээ зугтаасан тоглоомын чихмэл нохойны тухай юм бичье. Зугтаагаад, Шүдтэй болоод зэрлэг болох гэсэн нохой. Хазчих. Дараа нь машины тухай, хүнтэй, хүнгүй. Бичиж дуусаад усанд ороод унт. Халуун ус. "Зеппелин". Хөгжмөө унтраа. Халуун байна. Нойр хүрэхгүй. Халуун байна гэж зүүрмэглэнэ сэрнэ. Тамхилаад босьё. Калибраа шалгана. Би ганц ч буудаж үзээгүй. Надад мэргэн буудах хэрэггүй, би тулгаж байгаад гохоо дарна. Одоо нэг буудаж үзье. Калибраа гарга. Шкафны эвдэрхий цоож, хувцас, энэ байна гараад ир, хошуу бөгсийг нь эвтэйхэн тайрсан калибр: Өөр хүн тайрсан, тэгээд миний эвтэйхэн буу. Эгч түрүүн ирсэн, хаалгаа түгж, хөгжмөө чангал "Сепалтура". Тэгээд цэнгэл. Есөн сум. Хуучин найдваргүй буу, шалгах хэрэгтэй. Хэрэггүй буу байвал хутга байна. Өрөөний буланд жижиг сандал тавиад дээр нь ном тавь. Номын тавиур руу харахад хамгийн зузаан түрүүнд нүдэнд туссан нь Достоевский. Тэр буланд хананд тулгаад тавь. Тэгээд жаахан холд. Тэгээд гохоо дар. Дарины үнэр. Номын зүүн талын буланд цоорхой. Ном унаагүй, хөгжим дуугарна. Очиж үзэхэд номны ард талд нүх, сум хананд шигдчихэж, ахиад хоёр ном ав, нимгэдээд байна. Гурвыг давхарлаж байгаад бууд. Гохоо дарахад зүүн булан. Номнууд сандал дээрээс унав, хөгжим дуусчихаж, эргүүлээд тавь. Ном руу бууд, яг гол нь. Цэнэглээд хана руу. Гохоо дарахад буудсангүй. Ахиад буудсангүй. Ахиад. Дарины үнэр, зүгээр болно. Халцарсан хана. Зүгээр. Буугаа далд хий. Таван сум үлдсэн. Хэд ч байж болно. Номоо байранд нь тавь , урд нь байсан хоёр ном сэг болчихож, гуравдахьд нь хоёр сум. Тамхилна. Сэгний тухай шүлэг уншина. Буян үйлдэх, буяныг хүсэх - хүний хамгийн адгийн тачаал, дараа нь шөнө болсон, тэгээд унт.
Сая нэг зүүд зүүдэлсэн, намган дээр модон зам, ногоон намаг явган хүний бариултай зам, миний өмнө эмгэн явна, кино болгонд гарах ёстой бор царайтай монгол эмгэн. Тэр наашаа харна. Сайхан зүүд. Эмгэн гүүр хоёрт сайхан юм алга. Өнгө нь над таалагдсан, хурц өнгө, бас тэгээд би зүүдээ мартаагүй. Унтмааргүй байна, байж л байна.
Гудамж, талбай, хичээл, сургууль. Манай анги, халуун байна, лазуу. Хүн энергитэй хүчтэй байх:үгүй нь хоол хүнс, хийсэн юмнаас хамаарагддаггүй, нэг харахад хүрээд ирдэг, дараа нь алга болдог. Энэ хүчийг хадгалах, хүлээх хэрэггүй, байвал сайн л биз. Хүч жаргал өгдөг. Өөр олон юм жаргал өгдөг. Надад жаргал хэрэггүй, надад би хэрэгтэй. Би тэгээд миний үзэн ядалт. Энд тэмцэх хэрэггүй. Тэмцсэн бол ялагдсан, амьдарсан бол ялагдсан. Зөвхөн үзэн ядалт, өөр юм нэмэргүй, өөр юмыг үзэн яд.
Хичээл дуусав.
Миний гэр. Халуун ус тасарчихаж. Сараа нүдээ будна, тэгээд
— Чи өнөөдөр сургуульдаа явсан уу?
Би — Явсан
Сараа — Өөрийн яс юм байх ёстой. Тэрийгээ өдөр болгон дага. Яасан ч хойшлуулж болохгүй. Өдөр болгон байлга.
Би — Заримдаа хойшлуулж болно,
Сараа — Яг итгэдэг бол жаахан хойшлуулж болно, тэгэхдээ хэрэггүй.
Би — Нэргүй хэдэн жил,
Сараа — Тэгэхдээ яг байсан. Чи хоолоо хийгээд идчихээрэй, би явлаа.
Цаг дөрөв болж байна. Цаг удаан явж байгаа юм уу хурдан явж байгаа юм уу, мэдэхгүй. Дөрөв, тав, зургаа, долоо. Нэргүй, Уугий, Даваа, Баатар — бүгд шаар. Сараад хэлбэл дургүйцнэ. Нэргүй яах гэснийг би мэдэхгүй. Тэгээд яс юм байх ёстой. Хөгжим эвдэрсэн, тамхи байна. Өглөө эмгэн "Болгоомжтой яв, чанга гишгэвэл намаг задарна" гэсэн. Өрөөгөө ширтэнэ, ном, кассет, хог, цонх. Тэгээд энд удаан амьдарч болохгүйг бодно. Энд явах газар байхгүй. Газаргүй газар байхгүй. Тэгээд сууж л бай. Буугаа бэлдээд сууж п бай. Одоохон тамхинд гаръя. Цэлмэг тэнгэр саарал шат. Одоо гэртээ ороод буугаа авч болно, Тэгээд буудаж болно. Тэгэхдээ хэрэггүй. Яагаад? Мэдэхгүй, хэрэггүй бол тэр л биз.
Танихгүй хүн надаас шаг асуув. Байхгүй. Байранд зардаг айлыг ч мэдэхгүй.
Халуун ус алга, унтлаа
Шөнө.
Сургуульдаа очсон. Физикийн хичээл дээр багш юм асууна. Надад хэлэх юм алга. Хагас цагийн дараа ахиад хичээл. Заяа Дээгий хоёр сургууль төгсөхөө хүлээнэ. Өнөөдрөөс илүү юмыг дандаа хүлээдэг.
Илүү юм болохгүй гэж мэдлээ ч хүлээдэг. Чи ч хүлээнэ. Надад илүү сайн юм хэрэггүй. Өдөр болгон илүүдэл Тэгээд дараагийн
хичээл. Заяа электрон тоглоом авчирч, чимээгүй тоглож болдог тоглоом, нэлээн том анги, хөшиг, цонх, хонх дуугарав.
Сургуулиас ирээд тамхи, татна. Ялагдал бүх юманд. Юу ч болоогүй. Энд л байна. Намайг "зайл!" гэж байна. Зайл! Би явлаа, калибраа аваад явлаа, дөрөв биш таван сум, хэд ч хамаагүй. Байгаа л бол ялагдал. Тэгээд буугаа цэнэглэнэ. Одоо хэрэггүй. Одоо баймааргүй байна. Тэгээд одоохон. Ийм өдрүүд байдаг. Байж болохгүй өдрүүд. Даваагийнд очиж хөгжим сонсьё.
Бороо, цас ороогүй. Надад харагдсан эмнэлэг, мод, байшин. Энэ хотыг би угсраагүй.
Даваа — Юу сонсох вэ?
Би — "Слэйнер—86 он".
Бид хоёр ярина. Юу байх ёстой. Чононы арьс, хатуу соёо, хөгжим, ялна, түүнээс айх юмгүй, түүнийг магтах хүн үгүй болно, тэгэхэд тэгээд ялна. Дандаа сайхан байсан.
Тэгээд — мэдэхгүй,
Ингэж ярихдаа өөр юм бодно, хэнтэй ч ярьсан өөр юм бодогддог. Тэгээд "Креатор"-ыг тавьчих.
Даваа—Чи энийг (орос магнитофон) авбал ав. Сонсож байгаад өгнө биз.
Би — Хэрэггүй.
Ахиад яриа, тэгээд би харьсан.
Гадаа байшин дотор, байшин, манай гэр. Монгол ардын үлгэр уншмааргүй байна. Гал тогоонд орохдоо Сараагийн шинэ нөхөр надтай юм ярих гэж оролдоно. Асууна. Би хариулна. Тэгээд хоол иднэ.
Сараа — Ахиж идэх үү?
Би — Үгүй.
Шөнө. Миний бичсэн саарал чоно. Хармааргүй байна. Нойр хүрэхгүй, харах юм алга. Цаг хар даа. Арван хоёр. Ялсан ялагдал. Шөнө болоод ч хэвээрээ. Тэгээд калибраа сана, тэгээд Даваагаас хөгжим авна. Одоо ялгаагүй. Одоо гэрлээ унтраа. Тэгээд хэлэх юм алга.
Надад тэнгэр нүх биш гэдгийг итгүүлэх юм бол би эхлээд "Калашников" олно.
Өглөө зургаад сэрээд буцаад унтсан, дараа нь ээж сэрээсэн. Ээжээс тамхины мөнгө авъя. Мөнгө байхгүй гэнэ. Хорин төгрөг дөрвөн тамхи. Цаг бол хүлээлт. Би хурдан хүлээнэ. Хүлээлтийг хүлээж байна. Өөр яамаар байна.
Тэгээд номын завсар чүдэнзний хайрцаг, таван сум. найдвар муутай буу. тэгээд.
"Халх ардын тууж (УБ. 91 он)". Аваад усанд орьё. Халуун ус. Өшөө халууныг нэм. Өшөө. Нойтон, сандал дээр ном. Гараа арчаад, тэгээд, номоо ав. Дараа нь хүйтэн душ. Үнэргүй цагаан саван.
Цонх онгойж, цаг тав болох гэж байна. Гэрт хүн алга. Сүүлчийн тамхи.
Хэн бэ гэдгийг ойлгох аргагүй. Бусдын тухай бүүр битгий бод. Тэгэхдээ тэд наргүй болохгүй. Үе үе, мөч мөчөөр хуваагдаад байж л бай. Нэг, ахиад нэг, аль нь алиных. Пүрвээгээс ахиж сум асуудаг юм уу, хэрэггүй. Тог тасарчихаж. Тог тасрах хуваарьтай тэр нь тэгээд биелэгддэггүй. Тамхилмаар байна. Сараа хүрээд ирлээ, Сараа ес гэхэд ирсэн. Сараа ирээд Баатарыг алуулсан гэж хэлсэн. Эхлээд баахан асуулт, дараа нь ээж эгч хоёр Баатарыг өрөвдөнө, алуурчдыг хараана. — Болгоомжтой байх хэрэгтэй. — Уусан архиа даадаггүй муусайн юмнууд. Өшөө олон үг, зэмлэл, бараг нулимс буурал толгойгоо сэгсрэнэ. Баатар өнгөрчихөж. Манай хамаатан, найз Баатар будаа. Одоо болсон. Би Баатарын алуурчдыг алах ёстой. Ингэхэд сэтэлсэн айдас гарсан, сэрүүн түгшүүр бүх юмыг задалсан нээсэн. Түгшүүр. Энэ л яг. Тайрсан төмөр, одоо болно илүү юм хэрэггүй.
Би — Тэгээд.
Сараа — Тэд нарыг бүгдийг барьсан. Өнөөдөр баривчилсан. Бүгдийг хэзээ ч барихгүй. Үлдсэнийг нь би үлдээхгүй. Би бэлэн байсан. Тэгэхдээ яг тулаад ирэхэд айдас байна. Сонин айдас тэгээд жаргал яг болсон, хаалганы булингартай шил, цул цагаан өнгө. Булингартай шил, сэрүүн цагаан өнгө,
Одоо яг болсон.
Дэлгэрээс асууна. Дэлгэр мэднэ. Автобус зогсчихож, Дэлгэрийнх ойрхон.
Харанхуй гудамж автобусны буудал дээр хэдэн хүн. Одоохон.
— Дэлгэр байна уу?
— Байхгүй. Гэрлээгийнд байгаа.
Тэднийх хол, хэтэрхий орой болно. Маргааш болъё.
Миний яс яг тулаад ирсэн, сайхан түгшүүр Энэ яг.
“ “ “
Орой Гэрлээгийнд очно. Дэлгэрийг би танина. Баатарын найз байсан. Гэрт хийх юм алга, хийх юм хэрэггүй.
Болсон. Дараа нь дараа байна. Юу болох хамаа алга.
Гэрлээгийнд очих замдаа тамхи татав. Модон мухлаг, олон янзын тамхи. Сайн тамхи авна.
— Нэг "Пэлл Мэлл".
Хайрцаг тамхи бараг болох биз. Ахиад нэг илүүдэхгүй. Гэрлээгийн байшингийн хажууд бацаанаас "ВТ" авав.
Тэднийд Дэлгэр Гэрлээ хоёр л байна.
Дэлгэр — Хоёулаа ийшээ оръё. Бид хоёр том өрөөнд оров, Бүтээлэггүй өндөр ширээ. Хатуу сандал.
Дэлгэр — Баатарт хэдэн танил байсан. Тэд Баатартай таардаггүй. Тэр өдөр архидаад Баатарынд очсон. Зодоон нүдээн тэгээд Баатар үхсэн. Гурвуулаа байсан. Одоо Ганц худагт байгаа. Баатар над руу утасдсан би мэдэж байсан.
Дэлгэр — Айсан. Тэгэхдээ яг утасдахад юу ч хиймээргүй, хөдлөх аргагүй байсан, Бүх юм жонхуурагдсан, хугацаа, хулдаас. Юу ч хийх бодох аргагүй. Ийм үед би өөртөе хэрэгтэй юманд ч явдаггүй! Юу ч хамаагүй байдаг, хамаагүй жонхууралдсан байдаг.
Дэлгэр — Тийм. Би очвол очих байсан. Айгаад очоогүй. Бүх юм айдас. Тэгээд айдас гол нь биш Явахгүй ямар ялгаатай юм адилхан.
Би —Тийм. Хийсэн юмаа хийсэн.
Гэрлээ ороод ирэв.
— Хоол ид.
Бид хоол иднэ. "Ардын эрх" харна, хуучин сонин. Дөрвөн сарын хоёрон. Гэрлээг өрөөнөөс гарсны дараа,
Дэлгэр — Баатарынд тэд гурвуулаа очсон. Нэг нь тэр өдөр байгаагүй. Байгаагүй ч гэсэн их баярласан.
Дэлгэр — Мэдэхгүй. Нэр "..."
Дэлгэр — Тийм, хаягий нь бичээд өгье. Тэгэхдээ би энэ хаягийг мэдэхгүй шүү дээ
Би — Тийм. Зүгээр хэлчих. Би тогтоочихно.
Тэгээд — Баяртай. — Баяртай.
Бараг хоосон автобус, гурван төгрөг “…" - ийд маргааш очно. Буугаа авсан бол одоо ч очиж болно. Тэгэхдээ яахав.
Гэрт эвдэрхий хөгжим, тамхи байна. Чийдэн - хана. Одоо яг болсон. Яг энэ. Ахиад тамхи, шалан дээр үнс. Юугаа хүлээхэв. Бүх юм баяр баясгалан. Буугаа ав, сум эгзэгтэй хурц гэрэл, хурц эгзэгтэй жаргал. Калибраа энэнд ороо, хана өрөө өөр харагдаад байна, энд ийм байх ёстой,
Автобус зогсчиж, зам дээр гарч машин барья. Шар "Москвич", Би "....” - ий хаягийг хэлэв. Тэднийх нэг их холгүй. Хүрээд ирэв. Машины гэрэл байшинг гэрэлтүүлнэ. Модны сүүдэр. Одоохон. Жолоочид мөнгө өгөв. Есөн давхар байшин, дал л гэсэн үг. Зүрх сайн цохилж байна. Энэ хаалга мөн байх ёстой.
Цагаан товчлуур. Хонх. Нарийхан модон савхтай хаалга. Хонх. Шатаар хүн бууж байна. Хаалганы цаанаас айсан чанга дуу гарч байгаа хоолой - Хэн бэ?
Би. — "..." байна уу?
Хөгшин хуний хоолой —Байхгүй.
Би — Би нэг юм асуух гэсэн юм.
Хаалга онгойлгоод бөөн шар гэрэл. Цагаан майктай, намхавтар, тавиад насны эрэгтэй хүн. Цаана нь коридорын хэлтэрхий, зурагтны дуу, элдэв үнэр, гэрэл.
Би — Би "..." - д нэг юм өгөх гэсэн юм, Хэзээ ирэх бол? Тэр хүн хаалгаа өшөө жаахан онгойлгов.
Бор царай, цагаан майк, цаанаас эмэгтэй дургүйцсэн хоолой — Хэн ирсэн юм? Тэр хүн авгайгаасаа — "..." - ийг асууж байна.
Надад — Маргааш нөгөөдрөөс ирэх байх.
Би — За, за. Хаалганаас холдов. Пад харанхуй, лифт дуугарч байна. Лифтний улаан товч. Тамхил. Чи байж бай. Одоо яг болсон. Та нар боллоо. Калибраа гаргаад ир. Цэнэглэ, боллоо. Хонх.
— Хэн бэ?
Би — Би байна. Би нөгөө юмаа үлдээчихье.
Хаалга онгойв. Цагаан майк, бөөн гэрэл. Цээжнийх нь зүүн талд тулгаж байгаад гохоо дарлаа. Нэг их тийрсэнгүй. Эргэж хараад явахад нөгөө хүн аахилаад унав. Дараа нь бөөн шуугиан эргэж очоод буудах уу, хэрэггүй. Доошил. Зарим давхар чийдэнтэй, зарим нь чийдэнгүй. Боллоо.
Сэрүүн шөнө. Ахиж машин барина. Сайн хатуу тамхи. Гох дарахад гар хөлстэй байсан, яадаг юм. Тэгээд дөрвөн сум үлдсэн. Одоохондоо хэрэггүй. Шөнө. Тэгээд. Юу ч битгий бод. Яг болсон.
Гэрэлтэй зам. Шар өнгөөр гялалзсан хар зам. Саарал “хорин дөрөв". Хуучин зөөлхөн машин, жолооч, хажууд нь нэг залуу.
Манай машин.
Жолооч — 250 төгрөг. Би тавин төгрөг өгөв
Жолооч — Өшөө 200 төгрөг.
Би — Надад мөнгө байхгүй. (Мөнгө дуусаа. Мөнгө хамгийн чухал). Урд сууж байсан залуу хараал тавиад наашаа харав.
Би — Би гэртээ ороод аваад ирье. Хаалга онгойлгоход тэр залуу бас хаалга онгойлгов.
Би — Чи байж бай. Манайх нэг давхарт. Тэр хаалга хаав. (дотроос нь) Би орцонд орж буугаа цэнэглээд гараад ирэв. Хоёр дахь сум аманд. Эхлээд тэр залууг, дараа нь жолоочийг буудав. Жолоочийг цээж рүү нь, нөгөөтөхий нь хүзүү рүү нь. Тэгээд гэртээ орсон.
Би олигтой юм байхгүйг мэднэ, ялалт байхгүй, тэгээд жаргал, энийг сана,тэгээд унт.
Өөрөө сэрэх шив дээ. Орны хажууд миний буу, цаг найм өнгөрч байна. Эгч алга. Ээж зурагт үзэж байна. Гал тогооны цонхоор харахад нөгөө "хорин дөрөв" алга.
Цайгаа ууна. Цонх. Хэдэн цагдаа ирж байна. Боллоо. Өрөөндөө ор, тэгээд буугаа амандаа хийгээд гохоо дарна. Энэ ялалт, би ялна.
Гялалзсан шал, богинохон коридор, өрөөндеө ор. Тэгээд буугаа ав, тэгээд дарины амттай төмөр амандаа хийгээд гохоо дарав. Болсонгүй. Ахиад дар, ахиад л байна. Ахиж цэнэглэ. Дар. Нэмэргүй. Цэнэглээд дар. Нэмэргүй. Ялагдал. Хаалга балбаж эхлэв. Ялагдал, тулаад, ороод ирсэн ялагдал. Миний хөгшин малийгаатах, инээгээтэх. Энэ жинхэнэ инээд, жинхэнэ ялагдал. Би байсан, зоригтой байсан. болоо ялагдал бол байнга. 4 — р сар.
— И должны оставаться живыми. 6 — аан өдөр. Рок – н - ролл. Зүүдлэгдээгүй хоногууд, нойргүй. Банзаар, сэтгэлээр унасан тулсан. Тулсан блюз. Инээж байгаа гашуудал. Хайр. Өөрийгөө тэндээс харж байсан сайн.
 

Эх сурвалж

Монголын өгүүллэгийн цоморлиг. УБ., 2003

Share |

18 Сэтгэгдэлтэй:

Мөнхбаяр said...

Толгой эргэчихлээ, энэ өгүүллэг дотор аваад идчихээр юм байгаа юу? Чи байгаа гэж хэлбэл би алгасаж үлдээхгүйгээр уншиж дуусгая.

Torburam said...

Юу вэ гэвэл энэ авангард өгүүллэгэ. Тийм болохоор хүн бүхэн эндээс юм авч иднэ гэж би хэлж чадахгүй. Тэхдээ чамд бол би санал болгоно. Яагаад гэвэл Анударь манай талын хүн. Уншиж дуусгаад би түүнийг бүх талаар нь биширсэн. Ганцхан энэ өгүүллэгээр нь би түүнээс маш ихийг харсан. Ганцхан талаар биш. Маш олон талаар. Анархист амьдрал. Тэгээд бүхэл бүтэн нэг үеийн соёл. Тэгсэн мөртлөө эр зориг ч гэх юмуу аль эсвэл өөрөөр түүнийг яаж нэрлэх вэ гэдгийг би яг хэлж чадахгүй байна. Магадгүй хийх ёстой зүйл байдаг эсвэл бүх зүйл ав адилхан тэнцвэрт орших ёстой байж болох юм. Үгүй ч байж болно. Тамхи татдаг шигээ бид нар амьдралаа дэмий ч гэх юмуу эсвэл тэр хамгийн дэмий гэдэг нь өөрөө гайхамшиг гэсэн утгатай ч юм билүү. Тамхи дуусдаг, амьдрал дуусдаг. Тамхи хэн нэгэнд сайхан мэдрэмж өгдөг. Магадгүй тамхинд өөрт нь сайхан байдаг ч юм бил үү. Бид нар тамхи шиг жаргалтайгаар дуусах уу эсвэл зовлонтой дуусах уу. За юу ч гэсэн уншаад үзэхийг зөвлөж байна. Баахан дэмий юм биччихэж :)

Мөнхбаяр said...

Окэй

Мөнхбаяр said...

Эр зориг гэж юу вэ? Үхэхэд хэрэгтэй эр зориг, амьдрахад хэрэгтэй эр зориг юугаараа ялгаатай вэ?
Үхэл, бас амьдрал гэж юу вэ? Энэ бие сүйдхээс өөрөөр үхэж чадахгүй юу? Бодол гэж юу вэ? Манцуйтай бацаан бодож чадах уу? Тамхи нэхээд уйлдаг юм уу? Хайр гэж юу вэ? Хаанаас эхэлдэг юм бэ? Ухамсар гэж юу вэ? Тархины хаанчлал гэж юу вэ?
/ӨӨрөөСӨӨ асуусан асуултууд, чамаас асуугаагүй, зүгээр санаагаа илэрхийлэх гэж бичсэн үгс/
Өөрийгөө хайх гэж юу вэ? Хэн хэнийгээ хайгаад байна? Хайж байгаа хайлгаж байгаа хоёр нь хоёр өөр үү?
Үр дүнгүй байлаа гээд яахын? Юу анхдагч вэ? Энэ зохиолын гол дүрийн үзэл бодол хаанаас гараад ирэв? Өөрийнхөө биш үзэл бодлын төлөө үхээд байна уу? FUCK гэж орилмоор санагдаж байна. Энэ комментыг бичиж дуусчаад би арын ой мод руу явж Марл Борогоо татна, Татах зуураа чухам юу ямар юм бэ гэж "эргэлзэнэ" Миний хайр, миний үзэн ядалт "минийх" мөн үү гэж асууна. Энэ зохиолын гол дүр өөрийнхөөрөө байж үзээгүй, тэгээд өөрийнхөөрөө ч үхэж чадсангүй, өөрийгөө хайрлаж чадахгүй мангар бацаан, амьдаараа үхэж чадахгүй үхэж байхдаа таарсан золиг, Гэхдээ миний ингэж бодож байгаа маань оригиналь уу, би мэдэхгүй, гэхдээ би мэдэх гэж оролддог. Энэ зохиолын гол дүр зөв зүгт буруу замаар яваад байгаа гэж мэдэрлээ. Гэхдээ ингэж бодож байгаадаа би өөрөө өөртөө эргэлзэж л байна. Үзэл бодлыг амьдралаар шалгадаг гэдэг. Бодол, утаан дундаа төөрсөн авьяастай, гэхдээ азгүй мангар бацааны тухай өгүүллэг уншлаа гэж бодогдлоо.

Anonymous said...

Маанаг Ухаантай болж харагдах гээд яахав Бас авангард ойлгодог болох гээд ч яахав. Тэгээд ч энэ нөхөр ухаан солиотой байгаад амиа хорлоо биз дээ. Дээр нь энэ бичсэн солиорлыг нь зарим нэг ухаантай харагдахыг оролдогсод худлаа дөвийлгөөд байхын

Anonymous said...

Anonymous-t: chi neg saihan todorhoi shuumjildee? Chadahgui gewel chinii ug unsend hayasan shalz adil. Ene zaluug amia horlosniig chamaas sonsood sonirhol yah argagui tatagdlaa. Humuus bid nar utgagui, it dungui, haana ch hurgedeggui amidralaa shud zuugaa l tesee l alguur uhdeg. Shuud uhej bna gedeg awiyastai hunii shinj. Chinii shuumjlel unendee teneg sonsogdoj bna, todorhoi, gehdee uuriinhuu dotroos garsan zuiliig bichij bai. Chinii bichsen shig kommentiig minii l huiwd haa saigui unshij bsan yum bna, lalar!

Torburam said...

Юу ч гэхэв дээ. Юмыг олж харах хэрэгтэй. Тэр олж харсан зүйл чинь заавал үгээр илэрхийлэгдэх албагүй. Намайг ухаантай болж харагдах гэж хичээдэг гэсэн чинь их л өчүүхэн байна даа. Уг нь би бусадтайгаа ийм зүйлс байдаг гэж хуваалцаж байгаа юм. Өөрийнхөө үзэл санаагаар энэ ингэж байна, тэгэж байна гэсэн таамаг төдий зүйлээ туйлын үнэн юм шиг ойлгоод тэрэндээ өөрөө итгээд байвал илүү ихийг олж харах нүд чинь сохорч мэдэх юм. Тэгээд бас хэн нэгэн хүн авангард ч бай ер нь ямар нэгэн зүйлийг ойлгодог эсвэл үгүй эсэхийг та дотор нь орж үзээгүй байж яаж мэдэж чадаж байна? Нэг бол зайнаас бодол санаа, сэтгэхүйд нь нэвтрэх авьяастай хүн үү? эсвэл сэтгэцийн эмнэлэгт тиймэрхүү чадвартай гэж өөртөө итгэдэг хүмүүс зөндөө байдаг юм билээ. Би дадлагаар СЭМҮТ орохдоо харсан. Доромжилж байгаа юм биш шүү!!!!! Үнэхээр гайхсандаа бичиж байна. Чухам яаж мэдсэн чинь таахын аргагүй байна. Би ямар ч хүнийг хичнээн хараад ямар нэгэн урсгал чиглэл ойлгож байгааг нь олж мэдэж чадаггүй. Тэр тусмаа уулзаагүй хүнийхээ. Бусад хүмүүс хичнээн гайхалтай, хичнээн ухаантай байдгийг би өөрийнхөө мах цусандаа шингэтэл ойлгож авсан хүн.

Анударь гэдэг хүнийг би ухаан нь солиотой байсан эсэхийг сайн мэдэхгүй. Энэ хүний бичсэн зүйлийг уншаад би хувьдаа солиотой галзуу хүн бичсэн гэж бодоогүй. Монголын бусад зохиолчид, шүүмжлэгчид хүртэл их үнэлдэг юм билээ. Үнэлсэн учираас монголын том гэж нэрлэгддэг олон олон зохиолчдын хамт нэр нь бичигдэж Өгүүллэгийн цомирлогт энэ өгүүллэг нь орсон юм биш үү? Солиотой галзуу хүний өгүүллэгийг тэр олон хүн гараа өргөөд сонгохгүй л байсан байх гэж сэтгэж байна. Өөрийн чинь хувьд чухам юу болохыг би үнэхээр мэдэхгүй байна. Маш их гайхаж байна. Анх удаа шахам миний блог дээр ийм зүйл болж байна.

Torburam said...

Бас нэг зүйл хэлэхэд аливаа зүйлийг үгүйсгэхэд тодорхой шалтгаан, үндэслэл, баталгаа заавал хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл шалгуур хэрэгтэй гэсэн үг.

Мөнхбаяр said...

Гоё хэлэлцүүлэг явагдсан байна шүү :)
Миний хувьд Төрбурамыг шүүмжлэх шалтгаан огт алга, бас энэ өгүүллэгийн зохиолчыг ч шүүмжилж чадахгүй. Харин энэ өгүүллэгийн гол дүрийн бацааныг шүүмжилсэн, одоо ч бас шүүмжилнэ:
1. Өөрөө ганцаараа үхэж болох байсан ч хэдэн хүнийг алчихаад үхсэн.
2. Сексийн тухай юм бодож байгаа эсэх нь гардаггүй.
3. Хэдэн сум байгаагаа тооцоолж чадаагүй
4. Хичээлийн дундуур тамхи татсан
5. Гэртээ буугаа шалгасан. Хотоос зайдуу шалгаж болох байсан.
6. Хүн алчихаад шууд өөрийгөө хөнөөх байтал гэртээ ороод нам унтсан.
7. Уран зохиолын номоо уншиж чадсан.
Яг юуг нь шүүмжлээд байгааг гадарлах байх, :)

зочин said...

ер нь Анударь бид нарт ойлгогдох гэж бичдэг байсан юм биш ш дээ. тийм биз дээ.

Anonymous said...

хүмүүсийг мэтгэлцүүлхэд хүргэж байна.мэтгэлцэх.тэнэг үг,ажил. энэ пост байна уу сонгодог байна уу хамаа алга.хүмүүсийн амыг хамхих эсхүл чалчуулах гэдэг хамгийн хүнд.

Torburam said...

Pink Floyd -ынхон "Бид нарын хөгжим энэ үеийнхэнд зориулагдсан хөгжим биш, харин XXI зууныханд зориулагдсан" гэж хэлсэн байдаг. Ойлгох хүн байсан ч байгаагүй ч хэнд хамаатай гэж. Намайг ойлгохгүй байна гэж гомдоллодог нь ганцхан хүн биздээ. Ойлгохгүй байсан ч мод ургаж, ус урсаж, нар манддаг шдэ.

Torburam said...

Гүн ухааны мэтгэлцээнд ялсан нь биш ялагдсан нь хождог гэдэг үг байдаг шдэ. Мэтгэлзэж байж л бид нар бусдаас суралцаж, амьдарлыг таньж мэдэх юм биш үү?

Anonymous said...

үнэхээр гайхамшигтай өгүүллэг байна. танд баярлалаа. анударийн өгүүллэгийг блогтоо тавьж өгсөнд. өнөөдөр өглөө энэ залуугийн анир а үгүй сэтгүүлд сонинд өгсөн 1993 оны ярилцалгыг нь уншаад зүгээр л алмайрсан. тэгээд өгүүллэгүүдийг нь уншъя гэсэн боловч хайж олсонгүй. харин гүүглээс сэтгүүлийнхээ нэрийг бичсэн чинь танай блог гараад ирлээ. өөр бусад өгүүллэгүүдийг нь хаанаас олж унших вэ. эсвэл блогтоо тавиад өгөөч. :) баярлалаа.

Torburam said...

Таалагдах өгүүллэг оруулсандаа баяртай байна. Би анх энэ хүний тухай найзаасаа сонсож байсан. Дараа нь Анир үгүй сэтгүүл дээрээс тэр ярилцлагийг уншсан. Өөр өгүүллэгүүдийг нь чадвал оруулж болноо.

Astrea said...

Ter yariltslagiig ni bas oruulj boloh uu, pls... Blogiin ner ter setguulees ulbaatai yu?

Torburam said...

Yariltslagiig n oruulj boloh bha. Blogiin ner setguuliin nernees ulbaagui ee. Ene ner neg zuiltei maani holbootoi yum.

Issira Tseg said...

Яг юугаар нь авангард гэж цололчихоод солиотон гэж дуудаад байгааг асуумаар байна? (хүндэлдэг хүнийг минь солио-т-н гэж нэрлэчихээд ухаантан шиг сэтгэгдэл үлдээгчээс асууж байна).
энд цэвэр сэтгэлгээ явагдаж байгаа цэвэр экзистенциалист зохиол. ойлгохгүй байгаа бол сайн хэрэг. чи ойлгохуй руу дөхөж байгаа нь тэр. яг ойлгоод , өө бүр ойлгочихлоо гээд бодоод ирэхээрээ л бишдээд ирж байгаа юм.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.