January 25, 2010

Father and Son


``Хоёр хүүтэй эцэг хүн байжээ. Бага хүү нь өөрт оногдох өв хөрөнгөө аваад хэрэн тэнэж оджээ. Тэр хүү хамаг баялгаа хот газрын дарс, хүүхэнд үрж орхиод үгээгүү амьтан болов. Харин том хүү нь эцгийнхээ дэргэд үлдэж, мал сүргээ хариулан, өмч баялгаа өсгөн суужээ. Нэгэн өдөр тэнэмэл хүү төрсөн эцэгтээ эргэж ирэв.
- Аав минь намайг уучлаарай. Би таны зовж олсон эд баялгийг юу ч үгүй үрэн таран хийсэн. Ямар тэнэг явснаа одоо л ойлголоо. Үүгээр түүгээр төөрч золбирч явсаар төрсөн гэрийнхээ ээл буяныг ухаарлаа. Одоо муу хүүгээ хүлээж аваач гэж эцэгтээ хэлжээ. Хөгшин эцэг нь хүүгээ хараад хөл алдан баярлаж зарц барлагтаа хандан:
- Хамгийн тарган хонь төхөөрч, хамгийн тансаг ширээ бэлд. Хүүхэд шуухдад чихэр үзэм тарааж, хүү минь эргэж ирсний баярыг нижгэр сайхан тэмдэглэе гэвэй.
Тосгоноос хэдэн хүн ууган хүүгийн байсан хөдөөх бэлчээр дээр ирж энэ тухай дуулгахдаа:
- Ямар гээчийн шударга бус явдал вэ? Чи эцгийнхээ дэргэд гал голомтоо сахин, аж ахуйгаа тордож суусан. Гэтэл орон гэрээсээ дайжсан тэнүүлч, өв хөрөнгөө үрсэн гуйлгачин хүүг эргэж ирэхэд яагаад тэгж хүндэлнэ вэ? Чи тосгон руу очиж үз. Чихэр үзэм тарааж, хөлтэй их найр болж байна гэв. Ууган хүү үүнийг сонсоод уурсан бачимдлаа. Харьж ирээд эцэгтээ гомдол хорсол зангирсан хоолойгоор ийн хэлэв:
- Та яаж ийм алагч зан гаргаж чадна вэ? Надад зориулж та нэг ч удаа хонь төхөөрч, бэлэг барьж байгаагүй. Гэтэл хамаг хөрөнгий чинь үрж цацаж яваад ирсэн хүүдээ зориулж ийм хөл хөөрцөг болж байх шив.
- Тийм ээ, чи үргэлж дэргэд минь байсан. Тийм болохоор хөл хөөр болоод байх шаардлага алга. Харин сураггүй болсон хүүгээ эргэж ирэхэд хөгшин эцгийнх нь магнай тэнийлгүй яах вэ. Алдсан хонио олоход хүртэл хүн баярладаг биз дээ гэж эцэг нь хариулжээ.``

Христианчууд энэ түүхийн гүн утгыг ойлгодоггүй. Энэ бол миний өгүүлэн буй тантрын түүх. Хэрэв чи үргэлж ёс журмыг сахиж явбал оршихуй чамд зориулж баяр хурим хийхгүй гэсэн үг. Чи ердийн л гэнэн ноомой амьтан. Амьдралаар баяжаагүй. Баяжаагүй болохоор халгиа цалгиа ч үгүй. Чамд шим тэжээл байлаа ч давс хачир, ааглаг амт байхгүй. Гаднаа чи хүмүүжилтэй сайн хүү. Гэвч дотроо дуурьсалт яруу аялгуу үгүй. Чиний амьдралын зам дэндүү дардан шулуун. Ямар ч овон товон, махир тахиргүй. Гэтэл овон товон, махир тахирт гоо үзэсгэлэн шингээстэй. Тэд чинь амьдралыг илүү нууцлаг сонин, гүн баялаг болгож өгдөг юм. Тантар бүх юмсыг гоо сайхан гэж хэлдгийн учир энэ. Гэм нүглэд ч гоо сайхан бий. Тэр чиний гэгээлэг мөн чанарыг улам товойлгож өгнө.


Эх сурвалж Агнистын гэгээ: Чанадын Чанадад - УБ.,2008
Share |

1 Сэтгэгдэлтэй:

зулаа said...

Муу зүйл сайныг бий болгох гэж, алдаа зөвийг бий болгох гэж оршино. Алдаагүй амьдрал амьдрал биш тэр үхсэнээс арай л дээр байх болно.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.