February 12, 2012

Рене Декарт /Шинэ үеийн философийн эцэг/

 
 
 Сэргэн мандалтын үеийн хамгийн чухал ололтуудын нэг нь өмнөх үеийн мэдлэгийн өв санд шүүмжлэлтэй хандаж, тэдгээрийг шинжлэх ухааны шинэ аргуудаар дахин баталж бататгах юмуу эсвэл няцаах оролдлогууд байсан юм. Фрэнсис Бэкон, Исаак Ньютон, Галилео Галилей, Жордано Бруно, Коперник гээд тэр цаг үеийн бүх эрдэмтэд, сэтгэгчид чухам шинэ үеийн баталгаатай, нарийн тодорхойлогдож тогтоогдсон шинжлэх ухааныг бий болгохыг хүсч байсан юм. Тэдний дундаас байгалийн шинжлэх ухаануудын ололтуудыг философид гаргуун ашиглаж чадсан нь Декарт юм. Өмнөх философичдоос ялгаатай нь тэр зөвхөн оюун санааны ухагдхуунуудаас шинэ ойлголтууд бий болгож байгаагүй бөгөөд харин шинжлэх ухааны баталгаа нотолгоог оюун санааны хүчээр илүү боловсронгуй болгох гэж оролдож байлаа. Энэ оролдлогоо хэрэгжүүлэхдээ философийн хуучин байгууламжыг нураан, өөрийнхөө философийн шинэ загварыг бусад шинжлэх ухаануудын тусламжтай гаргаж ирсэн байна. Декарт буруу ташаа ойлголтуудыг үнэн зөв хэмээн хүлээж авснаар тэрхүү буруу ойлголтууд дээрээ үндэслэн буруу үндэслэлүүд гаргаж ирж болох тухай бичиж байв. Бидний оюун ухаан хуурамч, худал мэдлэгийг таньж чадахгүй зөв хэмээн хүлээж авах нь байдаг. Тийм учираас нарийн батлагдаагүй өмнөх мэдлэгүүдээ үгүй хийж, нураан хаясны дараа шинэ ойлголтуудыг /гэхдээ тэдгээр шинэ ойголтууд нь заавал үнэн зөв гэдэг нь шалгагдсан байх/ суурь болгон авч хэрэглэвэл зохино. Харин өөрийнхөө мэдлэгийг болон үзэл бодлоо буруу ташаа гэдгийг хэрхэн шалгах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Энэхүү асуултанд тэр хариулахдаа өөрийнхөө бүх бодлыг эхнээс нь шалгах хэрэггүй, харин бодол санааныхаа элементүүдээс эргэлзээтэй хэсгүүдийг олж, гаргаж ирэх хэрэгтэй гэжээ. Ингээд түүний эргэлзээний тухай үзэл гарч ирсэн юм. Тэр оршин буйдаа эргэлз гэж хэлсэн нь эндээс эхтэй. Тэгээд энэхүү эргэлзээгээ "би сэтгэж байна, тиймээс би оршиж байна" гэсэн гаргалгаагаараа няцаасан байдаг. Эргэлзээ няцаагдахгүй бол тухайн мэдлэг, бодол санаа буруу гэдэг нь ойлгомжтой хэмээн тэр үзсэн байна. Байгаа бүгдэд эргэлз, оршин буй бүгдэд эргэлз. Дараа нь үнэнийг хайж ол.


Шинээр бичигдэж буй номынхоо хэсгээс танилцуулж байна
Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.