March 27, 2010

Мөргөл

  Далайд нэгэн хөлөг онгоц аялж явжээ. Тэр хөлгийн зорчигчид нь Мекка хотод очиж эргэл мөргөл хийхээр яваа лал шашинтнууд ажгуу. Ертөнцийн ариун дагшин газрыг зорьж яваадаа сүслэн өдөр бүр үнэнч лалын ёсоор таван мөргөлийг ёсчлон гүйцэтгэх тэдний дунд нэг л хүн мөргөл үйлдэхгүй сууна. Тэр хүн Суфийн мистик агаад ер бусын цог жавхлангаар туяарах тул бусад мөргөлчид түүнийг шүүмжилж зүрхлэхгүй байв.
  Гэтэл нэг өдөр далай оволзон догширч, хөлөг онгоцыг юу юугүй живүүлэхдээ туллаа. Горь тасарсан хөлгийн ахмад мөргөлчдөд хандан сүүлчийн залбирлаа үйлдэхийг хүсэв. Хүн бүхэн хөсөр унаж, орь дуу тавин мөргөл үйлдэж байхад гагц Суфи мистик л мөнөөх хэвээрээ суунам. Энэ байдалд нь эгдүүцэж уурласан олон хүн түүнийг бүчиж,

  - Та чинь Бурханы хүн биш гэж үү? Өмнө нь танийг мөргөл үйлдэхгүй байхад бид тэвчдэг байлаа. Одоо тэвчхийн арга алга. Хөлөг онгоц живэх гэж байна шүү дээ. Ийм үед хүртэл бурханд хүндэтгэлгүй хандсаар байх уу? Залбирлын дууг чинь хүлээж ч байгаа юм билүү? Яагаад мөргөл залбирал үйлдэхгүй байгаа юм бэ? гэцгээв.
  - Айдсаас үүдсэн залбирал бол залбирал биш, замаа алдсан төөрөгдөл гэж мистик хариулав.
  - Тэгвэл айх юмгүй амар тайван байх үед та яагаад залбирахгүй байсан юм бэ? гэж хүмүүсийг асуухад,
  - Амьсгал бүр минь залбирал, агшин бүхэн мөргөл байхад хоосон ёслол үйлдэж суухын хэрэг надад алга. Залбирал дотор амьдардаг хүн ёсолж чадахгүй. Залбирлын гадна байдаг хүн л ёсолж чадна гэж хариулжээ.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.