June 22, 2024

Ардчилал ба коммунизм хоёрын ялгаа



Монголчууд ардчилалыг Ардчилсан нам гэж ойлгодог. Тиймдээ ч ардчилал хэрэггүй гэж зарим хүмүүс итгэдэг. Гэтэл ардчилал гэдэг нь бидний сонгосон амьдралын болоод засаглалын хэлбэр юм. Хүмүүс бодохдоо хүчирхэг хэн нэгэн хүн удирдлагыг гартаа аваад, тэр хүн шударга ёсыг тогтоож, бүх зүйлийг байх ёстой байранд нь оруулна гэж итгэдэг. Гэвч энэхүү нэг хүний засаглал бол бидний сонгосон сонголт биш. Энэ сонголтыг бид 34 жилийн өмнө сольсон. Харин 34 жилээс өмнөх үе буюу 1990 оноос өмнө Монгол улс нэг хүн бүгдийг удирдаж, бүхнийг сайхан болгоно, түүнд найдаад хүмүүс юу ч хийх хэрэггүй гэдэг сонголтыг хийсэн байсан юм. Гэсэн хэдий ч нэг хүн, нэг нам бүхнийг сайхан болгож чаддаггүй гэдгийг өнгөрсөн зуун тэр чигээрээ нотолсон билээ. Тэгвэл ардчилал гэж юу вэ? Бид ямар сонголтыг хийсэн бэ? 
19-р зууны үед хүмүүс аугаа их хэн нэгэнд итгэдэг байлаа. Аугаа их удирдагч, аугаа их сэтгэгч гэх мэт. Энэ нь удирдлагыг гартаа авахыг хүссэн хүмүүст том боломж байв. К.Маркс гэдэг хүн нэг номыг ганцаараа бичсэн гэдэгт бүх хүмүүсийг итгүүлэх амархан байсан гэсэн үг. Тийм ч учраас Ленин гэдэг хүн галт тэргэнд түүний номыг уншаад асар хүчтэй урам зориг авч хувьсгал хийсэн гэдэгт ч хүмүүсийг итгүүлэх амархан байв. Үүнд одоо үеийн хүмүүс ч итгэдэг. Өөрөөр хэлбэл, Лениний ард маш том баг, санхүүжүүлэгч ажиллаж байсан гэсэн үг. Хувьсгал хийхэд мөнгө шаардлагатай. Бүхэл бүтэн хаант засгийн армийн урдаас буудах буу, сум, улаан армийн цэргүүдийг хувцаслах, хооллох, байрлуулах, тээвэр ложистик гээд одоо таны толгойд хэр их мөнгө шаардлагатай тухай барагцаа орж ирж байгаа байх. Үүнийг Ленин ганцаараа яаж зохицуулах вэ? Түүнийг нөхдийн хамт банк дээрэмдсэн гэдэг. Гэвч ганцхан эсвэл хоёрхон банкнаас тэр хэмжээний мөнгө гарах нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, коммунист нийгэм анхнаасаа худал хуурмаг дээр үүссэн. Үргэлжлүүлэн худал хуурмаг дээр тогтох гэж оролдоод бүтэн зуун жил ч болоогүй нуран унасан. Коммуниаст нийгмийн үед манай эдийн засаг ямар байна гэж асуухад, маш сайн байна, үйлдвэрүүд маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж хариулдаг. Гэвч хэнд зориулж, ямар ашигтай, юу бүтээх гэж үйлдвэрлэж байгаа нь тодорхой бус. Зүгээр л олон юм үйлдвэрлээд байвал сайн гэж үздэг байв. Нэг үгээр тоо өндөр байх л юм бол сайн гэж бодно. Үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг нь хэн хэдээр аваад зардлаа нөхөх гэдэг ойлголт байхгүй. Олон тооны гутал үйлдвэрлэлээ гэхэд үнэхээр хэрэгтэй эсэх нь хэнд ч хамаагүй. Хэн нэгэн өмсөнө биз л гэж боддог. Энэ сэтгэлгээ нь яван явсаар эдийн засгийн гүн хямралыг бий болгосноор коммунист нийгэм нуран унасан юм. 

Тэгвэл яагаад хүмүүс анхнаасаа ийм зүйлд итгэсэн бэ? гэвэл хэд хэдэн шалтгаантай. Эхнийх нь, хүч. Энэ бүхнийг хүчээр хийсэн нь үнэн. Дараагийнх нь хэлбэрт үндэслэсэн сэтгэлгээ. Коммунизмын хамгийн гол шинж нь энэ юм. Өөрөөр хэлбэл, гаднах хэлбэрт үндэслэж сэтгэх сэтгэлгээ нь коммунист сэтгэлгээний гол шинж. Жишээ нь, олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлээд байвал сайн, гудамж талбайг сайхан харагдуулаад байвал хүмүүс сайн зан үйлтэй болно, хүүхдийг хүчээр суулгаж хичээл хийлгээд л байвал сайн хүн болно, хүн гоё цэмцгэр хувцаслаад л байвал нийгэмд хэрэгтэй хүн болно гэх мэт. Гэвч ийм зүйл огт боломжгүй гэдгийг бид хэдийн мэдэх болсон ч зарим хүмүүс итгэсэн хэвээр байна. Өнөөдөр бид мэдлэг боловсролтой хүн аливаа асуудлыг илүү ул суурьтай шийдэж чадна гэдгийг олж харсан. Гэсэн хэдий ч боловсрол, мэдлэг гэж юу вэ гэдгийг сайтар ойлгоогүй хэвээр байна. Хамгийн түрүүнд бид хүний төгссөн сургуулийг хардаг. Гэтэл сургууль төгсөнө гэдэг бол боловсрол мэдлэгтэй болсон гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлдэггүй. Учир нь их сургуулиудын тогтолцоо нь мөнгөө төлсөн бол эсвэл тэтгэлэг авсан бол дипломыг чинь яаж ийгээд өгөөд явуулдаг тийм хэлбэрт ерөнхийдөө баригддаг гэдгийг эхлээд санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Харвард төгссөн л бол боловсролтой, мэдлэгтэй гэж шууд ойлгож болохгүй. Харин тухайн хүн ямар бүтээл тууривсан, ямар судалгаа хийсэн, тэрхүү судалгаа нь ямар асуудлыг шийдсэн гэх мэт маш олон зүйлүүдийг нь харах ёстой. Ингэснээр тухайн хүн үнэхээр боловсролтой, мэдлэгтэй юу гэдгийг бага ч гэсэн үнэлж болох юм. 

Ингээд бодоход үнэхээр хэцүү санагдаж байгаа байх. Мэдээж хэрэг бидний сонгосон энэ зам бол коммунизм шиг тийм амархан зүйл биш. Тийм ч учраас ардчилсан орнууд коммунист орнууд шиг бут үсэрч унахгүй байгаа юм. Бид бүхэн цаг ямагт хичээж байх ёстой. Цаг бүхэнд бид хөгжиж, цаг бүхэнд бид сонор сэрэмжтэй байх ёстой. Тэгэхгүй л бол тооноор чинь орос цэрэг орж ирээд чиний болон үр хүүхдүүдийн чинь нүдэн дээр эхнэрийг чинь хүчиндээд гараад явчихдаг, чамайг цагдаа дээр яваад очиход нөгөө өрөөнд оруулаад хэдэн талаас чинь зодчихоод чимээгүй байгаарай новш минь гэж хэлдэг тийм цаг үе ирэх болно. Өнөөдрийн бидний амьдарч буй энэ цаг хугацаа бол бүх зүйлийг сайнаар шийдчихсэн цаг үе биш. Харин бид сайн сайхан зүйлүүдээ, өөрсдийн сэтгэн бодох, үйлдэх эрх чөлөөгөө хамгаалж буй тийм цаг үе. Тиймээс цаг тутам шинээр сэтгэж, өөрөөр харахыг хичээх хэрэгтэй. 

Хэрвээ яс чинь хугарвал яснуудыг чинь хооронд нь буцаан нийлүүлж, бороолж эдгэх хүртэл нь хөдөлгөөнгүй байлгах ёстой. Харин гаднаас нь даавуугаар боогоод, хэчнээн илж таалж өглөө гээд эмчлэгдэхгүй. Ардчилал болон коммунизм хоёрын ялгаа нь энэ. Аль эмчилгээ нь хэцүү байна? мөн аль эмчилгээ нь илүү үр дүнтэй байх вэ? гэдгийг тэгээд бодно биз ээ.
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.