March 17, 2020

Кино ажиглалт #2 - Parasite (Шимэгч) 2019



"Шимэгч" кино нь найруулга болоод кино зохиолын төгөлдөр жишээ гэдгийг бид хэдийн мэддэг болсон ч энэ кино нь мөн кино эвлүүлгийн гайхалтай үлгэрлэлийг бидэнд харуулсан гэдгийг төдийлөн анзаараагүй байх. Бид маш олон сонирхолтой дүр зургуудыг энэ  киноноос олж харж болно. Гэсэн хэдий ч энэхүү киног чухам юу шилдэг, сайн кино болгож байгааг зарим хүмүүс гайхдаг. Тэгвэл яагаад энэ кино тийм сайн бүтээл болсон тухай товч тайлбарлахыг хичээе.

Нэгдүгээрт кино зохиол сайн эсвэл муу гэдэг нь тухайн киноны үзүүлж буй утга санаа гэж ойлгож болохгүй. Харин тухайн утга санааг хэрхэн илэрхийлэх боломж олгож байгаа нь кино зохиолын чанар ажээ. Тухайлбал ноён Паркийг алчихлаа гэдэг нь чухал бус, харин тэр үйл явдал болох хүртэл болон тэр үйл явдал хэрхэн бий болж буйг харуулах нь кино зохиолчийн хийдэг ажил билээ. Ингээд киноныхоо тухай өгүүлье. Кимийн гэр бүлийн ашигладаг дээд айлынх нь wi-fi -ийн нууц үг солигдсоноор кино эхэлдэг. Тэд сандралдаж хэрхэх тухайгаа ярилцаж эхлэх бөгөөд удалгүй wi-fi нь эргэн холбогдож буй тухай гарна. Энэ үед гэрийн эзэн талх идэх зуур ширээн дээр нь явж буй шавьжийг хуруугаараа нясалдаг. Энэ нь дараагийн үйл явдалтай холбогдож, тэдний гэрийн гадаа шавьжны хор цацах үед гэрийн эзэн цонхоо онгорхой орхиж, гэрээ үнэгүй ариутгуулья хэмээнэ. Өөрөөр хэлбэл гэрийн эзэн буюу ноён Ким анх шавьжийг харсан ба мөн тэр гэрээ ариутгуулах санааг гаргана. Энэ бүх эхлэл Кимийн гэр бүлийн ядуу дорой байдал болон энэхүү байдлаа даван гарахын тулд бусдыг хэрхэн үнэгүйгээр ашиглаж сурсан нь харагдана. Нэг үгээр тэдний гэр бүлийн шимэгч байдлыг үзэгчидэд шууд харуулж байна. 


Түүнчлэн тэд пиццаны хайрцаг эвлүүлж наах ажил хийж байгаа тухай үзүүлнэ. Үүнийг нь шавьжны хор гэрээр нь дүүрч байгаа үетэй холбосон нь нэгдүгээрт хоёр өөр үйл явдлыг амархнаар нэгтгэсэн ба хоёрдугаарт дүрүүдийн тодотголыг хийсэн оролдлого юм. Дараагийн сценд захиалагч ирж хайрцагнуудаа авахдаа маш олон гологдол байгаа тухай хэлж, хөлсийг нь бүтнээр нь төлөхгүй гэдэг. Харин ах, дүү хоёр пиццаны дэлгүүрийн эмэгтэйг маш урнаар ятгаж, түүнчлэн өөрсдийгөө ажилд оруулах талаар хөндөөд амжина.  Энэ нь тэднийг ажил хийж, орлого олох хүсэлтэй байгааг харуулдаг. Эндээс тэд хэрхэн бусдыг өөрсдийн аргаар удирдаж чаддаг, бусдыг өөрсдийн нөлөөнд амархан автуулдаг тухай харуулна. Үзэгчид тэдний гэр бүлийн хамгийн онцлог шинжүүдийг мэдэж авч байна. Магадгүй зэрвэс харахад эдгээр үйл явдлууд нь дараагийн үйл явдлуудтай ямар ч холбоогүй мэт харагдаж болох юм. Тэгвэл тийм биш. Учир нь пиццаны хайрцаг биднийг сүүлчийн шийдвэрлэх үйл явдал руу аажмаар хөтөлдөг. 


Пиццаны хайрцаг нь пиццаны газартай холбогдоно. Тэд пиццаны газар очиж хооллох ба тэр газрын эзэн эмэгтэй тэдний ширээн дээр пиццаг шидэх шахам тавьдаг. Учир нь тэд бол хайрцаг эвлүүлж наадаг ядуу айл. Энэ нь нийгмийн ялгавралыг харуулж буй жижигхэн хэсэг юм. Түүнчлэн тэд пиццан дээрээ асгаж буй помидорын соусаа гэрийн эзэгтэйг ажлаас нь халуулахад ашигладаг. "Үүнийг ашиглах боломж гардаг бол ч" хэмээн хоорондоо ярилцах тэдний яриа сцений төгсгөлд гарна. Ингэж кино зохиолч эхлэлийн бяцхан хэсгээ төгсгөлийн гол үйл явдалтай аажмаар холбож чаджээ. Өөрөөр хэлбэл тэдний гэр бүлийн аж байдал, онцлог, дүр төрхийг илтгэн харуулж байсан бичил хэсгүүд нь давхар киноны үйл явдлыг авч явж байсан юм. Эхнээсээ үйл явдал бүр нэг утга, нэг үйлдлийг харуулаагүй ба бүгд давхар олон үйл явдал, утга санааг харуулж байсанд энэ кино зохиол маш сайн бичигдсэнийг харуулж байгаа билээ. Энэ бүхнийг кино эвлүүлэгч маш чадварлагаар эвлүүлэн харуулжээ.

Киноны ерөнхий санааг илтгэх нэгэн чухал элемент нь Кимийн хүүгийн найз болох баян айлын залуу тэдний гэрт ирэхдээ авчирч өгдөг чулуу юм. Чулууг өгөхдөө "энэ чулуу айл гэрт эд баялаг дууддаг гэсэн" хэмээн хүүгийн найз хэлдэг.


Үүний дараа Кимийн хүү найзтайгаа хамт гадаа сууж буй хэсэг гарна. Найз нь түүнд нэгэн охины тухай ярьж, тэр охинд хичээл зааж байхыг гуйна. Ингэж тэд Паркийн гэр бүлтэй холбогдоно. Өөрөөр хэлбэл хүүгийн найз нь түүнд чулуу болон Паркийн охин хоёрыг зэрэг авчирч өгдөг. Хүү тэрхүү чулуу болон охин хоёрт хоёуланд нь татагдана. Түүний найзын хэлсэн ёсоор болох мэт тэр чулууг тэдний гэр бүлд ирсний дараа тэдний гэрийнхэн бүгд ажилтай болох үүд хаалга нээгдэх ажээ. Гэсэн хэдий ч энэ бүх зүйлс хурдан эхэлсэн шиг ээ хурдан дуусна. Өнөөх чулуу хүүгийн аминд хүрэх шахна. Киноны төгсгөлд хүү чулууг голын усанд аваачиж орхидог. Энэ нь магадгүй эд баялаг гэдэг хамгийн чухал зүйл биш, харин ч хүнд гай зовлон авчирч болохыг харуулсан байж мэдэх юм.

Кимийн охин ахдаа хуурамчаар диплом хэвлэж өгөх ба үүнийг нь ашиглан Паркийн гэр бүлд ажилд орохоор хүү явдаг. Түүнийг гэрээсээ гарах үед аав нь "Хүү минь, би чамаар бахархаж байна" гэдэг. Хүү хариуд нь "Би үүнийг хуурамч зүйл гэж бодохгүй байна, дараа жил би энэ сургуульд сурна, ердөө л бичиг баримтаа арай өмнө нь хэвлэж байгаа юм" гэж хэлдэг. Энэ нь мөн киноны төгсгөлтэй холбогддог. Хүү нь аавыгаа хонгилт нуугдаж буйг олж мэдээд түүнд захидал бичдэг. Тэр захиандаа бичихдээ "Би маш их мөнгө олно, дараа нь тэр байшинг худалдаж авна, худалдаж авсан эхний өдөр ээж бид 2 гадаа талбайд хүлээж байна, харин та шатаар дээш гарч ирэхэд л болно" гэдэг. Гэвч хүү аавдаа хэрхэн захиагаа өгөх нь тодорхойгүй буюу бараг боломжгүй. Түүнчлэн хүү хэрхэн тэр их мөнгийг олох нь ч тодорхой бус. Яг л дараа жил нь хүү хэрхэн их сургуульд орох нь тодорхойгүй буюу бараг л боломжгүй байсантай адилхан. Үүгээр магадгүй энэ гэр бүлийг буюу ядуу тарчиг амьдарч буй хүмүүсийг өөрсдөө хичээх ёстой гэдгийг харуулсан мэт. Кимийн гэр бүл анхнаасаа бусдыг хууран мэхэлж биш харин хүүгээ хэрхэн сургуульд оруулах дээр анхаарсан бол хэцүү ч гэлээ зөв зам байсан гэдгийг үүгээр холбож харуулсан байх боломжтой. Харин тэд амархан, бас буруу замыг сонгожээ.

Хуучин гэрийн үйлчлэгчийг ажлаас нь халах үед Паркийн бага хүү цонхоороо ажиглан зогсдог. Түүнчлэн хуучин гэрийн үйлчлэгч буцаж ирэхдээ "би бага хүү Да сунтай холбоотой байдаг" гэж хэлдэг. Да сунаас гэрийнхэн нь зугаалгаар явах гэж байгааг сонссон тухайгаа ч хэлнэ.
Ингээд Кимийн гэр бүл болон гэрийн үйлчлэгчийн гэр бүлүүд анх удаа огтлолцдог. Өөрөөр хэлбэл Да суны дүрээр бүх далд холбоосуудыг нарийвчлан гаргаж иржээ. Да сун багадаа хонгилд нь нуугддаг эрийг харснаас хойш төрсөн өдрийг нь гэртээ тэмдэглэхээ больсон. Энэ нь эргээд Паркийн гэр бүлийг хүүгийнхээ төрсөн өдрөөр жил бүр гэрээсээ явахад хүргэсэн ба тэднийг эзгүйд Кимийн гэр бүлийнхэн гэрт нь архидна. Да сунаас сонссон учраас хуучин гэрийн үйлчлэгч Паркийнд ирсэн. Нэг ёсондоо бүх нууцуудыг мэдэхгүйгээр холбогч нь Да сун байсан ажээ. Түүнчлэн Кимийн гэр бүлийг үнэрээр нь анх таньсан хүн мөн л Да сун байв.


Удалгүй Кимийн үнэрний тухай Паркийнхан ярьж эхлэнэ. Үүнийг Ким ширээн доор, хүүхдүүдийнхээ дэргэд сонсох бөгөөд энэ нь төгсгөлийн үйл явдлыг мөн холбоно. Ноён Парк эхнэртээ Кимийн үнэрний тухай ярих ба дараа өдөр нь түүний эхнэр мөн л машинд сууж явахдаа Кимийн үнэрийг анзаарна. Энэ бүхэн Кимд тэвчишгүй мэдрэмжүүдийг төрүүлсээр байх ба сүүлд нь үнэрнээс сэжиглэж буй Паркийг Ким хөнөөх бөгөөд энэ нь баян ядуугийн ялгаа, нийгмийн давхаргуудын хоорондын зөрчлийг тусгасан мэт санагдана. Өөрөөр хэлбэл найруулагч баян, ядуугийн ялгааг харуулахдаа нэгдүгээрт үнэрийг ашиглаж, хоёрдугаарт дээр доор амьдрах гэр орны байршлыг гарамгай тусгажээ. Кимийн гэр бүлээс адилхан муухай үнэр үнэртдэг. Түүнчлэн тэднийх подвал давхарт амьдардаг бол Паркийн гэрт орохын тулд шатаар нилээд өгсөх шаардлагатай. Үүгээр тэдний хоёр гэр бүлүүд нь нийгмийн байр суурийн хувьд дээр, доор гэсэн санааг харуулж буй юм. Паркийн гэр бүл хүүхдүүдийнхээ төлөө бусдаас хүсэж буй жижиг мэт боловч дургүйцэл төрүүлэм олон үйлдлүүд гардаг. Эдгээр нь магадгүй баячуудыг амьдарлаас хэт холдон тасарч буйг шүүмжилсэн мэт.

Кимийн гэр бүл хуучин үйлчлэгч болон түүний нөхөртэй ширүүн тэмцэлдэж байх үед утас дуугарч Паркийнхан ирж буйгаа хэлдэг. Тэдний майхан усанд автаж, зугаалга нь бүтэлгүйтсэн гэх ба хоол хийж байхыг хүснэ. Гэтэл Кимийнхэн гэртээ ирэхэд тэднийх тэр чигээрээ усанд автсан байх нь тэр. Адилхан нэг бороонд хоёр өөр гэр бүлүүд ингэж ялгаатай хохирсон байна. Дараа өдөр нь Паркийн эхнэр бороо орж тоос шороо дарагдаж, сайхан байгаа тухай утсаар ярьж буйг Ким сонсдог. Энэ нь түүнд дэндүү шудрага бус санагдах бөгөөд Паркийг хөнөөх үйлдэл рүү улам түүнийг түлхсээр байдаг.


Ким хүүдээ "ямар ч төлөвлөгөөгүй байх нь хамгийн зөв төлөвлөгөө" гэж хэлдэг нь киноны бас нэгэн түлхүүр юм. Тухайлбал киноны үйл явдлууд яг л төлөвлөөгүй зохиол мэт өрнөж, огт таамаглаагүй байдлаар дуусдаг нь уг кино зохиолын хамгийн том онцлог билээ. Түүнчлэн энэ киног чухам ямар жанрын кино болохыг нь яг таг хэлэхэд хэцүү. Инээдмийн кино мэт эхэлж, action мэт өрнөж, гэмт хэргийн кино болон хувираад драм мэт төгсгөл нь чухамдаа асар өндөр ур чадварын үр дүнд бүтээгдсэн гайхамшигтай кино зохиол болсон гэдгийг нь харуулж байна. Асар өндөр нягтаршилтайгаар мэдрэмжүүдийг ийнхүү уяж холбох нь кино урлагийн түүхэнд маш ховор тохиолдох үзэгдэл билээ. Мөн киноны эхлэх цэгээс төгсөх цэг хүртэл утга санаа, үйл явдлуудын хэлхээ холбоог давхардуулан авч явсан хийгээд тэдгээр олон түлхүүрүүд, үйл явдлуудын хамаарлыг асар өндөр нарийвчлалтайгаар сүлж чадсан нь гайхалтай бүтээл болгожээ. Өөрөөр хэлбэл сцен бүр нь давтагдашгүй, өөрийн гэсэн өнгө төрх, утга агуулгатай ч гэсэн хоорондоо маш гайхалтайгаар, маш зөөлнөөр, гулгах мэт холбогдсон нь найруулагчийн ур чадвар ямар өндөр болохыг харж болох юм. Кино бүхэлдээ маш олон ялгаатай хэсгүүдээс бүтэх боловч өгөх мэдрэмж нь кино бүхэлдээ нэг сцен мэт санагдана. Түүнчлэн киноны үйл явдлууд алгуурхан, удаанаар урагшлах мэт боловч үнэндээ маш хурдан өрнөнө. Яагаад гэвэл киноны сцен бүр үйл явдлыг алгуурхан харуулах боловч бүгд нийлэх үедээ асар олон үйл явдал, утга санааг нарийвчлан харуулсныг та мэдэх болно. Энэ нь уг киног удаан мэт боловч хурдтай өрнөж байгаа мэдрэмжийг өгөх ажээ. Учир нь энэ кинонд хэрэггүй, шаардлаггүй хэсгүүд бараг ороогүй учир хүний анхаарлыг гол үйл явдал дээр маш сайн төвлөрүүлж чадахаар болсон байна. Үүнээс гадна орчин үеийн нийгмийн амьдрал, баян ядуугийн ялгааг киноны эд эс бүхэнд шингээж чадсан нь маш их ач холбогдлыг хүмүүст үзүүлсэн гэж хэлж болно. Энэ ч утгаараа "Шимэгч" кино нь орчин үеийн кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл болсныг дурьдах нь зүй биз ээ.

Л.Төрбурам

Share |

2 Сэтгэгдэлтэй:

Kungfuqq441 said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Yes

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.