May 2, 2010

Ойлголт

Хүмүүс бид өмнө нь үзэж харсан зүйлээсээ өөр зүйл ярьж чаддаггүй. Бидний мэдэх ойлголтууд зөвхөн бидний мэддэг тэр хүрээнд л хамаарч байдаг. Хэн нэгэн биднээс өмнө нь үзэж хараагүй зүйлээ зурж үзүүлээч гэвэл бид юу зурж үзүүлэх вэ?  Магадгүй арван тоглойтой амьтан зурж болох юм. Гэхдээ энэ бол бид нарын өмнө нь хараагүй зүйл биш, харин харсан зүйл. Толгой гэдэг ойлголтыг арван ширхэг болгоод нэг амьтанд бүгдийг нь хамааруулж тавьснаас биш энэ зүйл шинэ зүйл биш. Үүнтэй адилхан бид өмнө  мэддэг байсан ойлголтуудаасаа хольж солиод эмх замбараагүй болгосны үр дүнд л мэдэхгүй зүйл бүтээлээ гэж боддог.
Үнэндээ тэр ойлголтууд өмнө нь байж л байсан шүү дээ. Эмх цэгцгүй болгосноос биш шинэ зүйл биш. Тэгвэл яагаад бид огт үзэж хараагүй зүйлээ дүрсэлж чаддаггүй вэ? Луу, мангас, чөтгөр, эвэртэй туулай гээд бүгд л бидний мэдэх ойлголтуудын хольц байдаг. Яагаад бид огт мэдэхгүй ойлголт шинээр ургуулан дүрсэлж чадахгүй байна вэ? Тэгвэл бүгдээрээ танин мэдэхүйн талаар аваад үзье. Таамаглал нь `бид танин мэдснийхээ үр дүнд шинэ ойлголтыг бүтээж чаддаг` байх юм. Бидний өвөг дээдэс танин мэдэж ирсэн учраас л шинэ ойлголтуудыг олдог байсан байж болох юм. Тэгвэл бүгдээрээ хүний өвөг дээдэс болсон чулуун зэвсгийн үе рүү аялцгаая! Хэрвээ би чулуун зэвсгийн үеийн хүнд гар утсаа өгвөл тэр хүн шууд барьж аваад омог руугаа дуудлага хийж чадахгүй нь мэдээж хэрэг. Яагаад гэвэл тэр гар утас гэдэг зүйлийг мэдэхгүй. Түүний хувьд гар утас шинэ зүйл. Гэхдээ шинэ ойлголт биш. Учир нь гар утас харилцааг зайнаас явуулдаг зүйл гэдэг ойлголт. Тэр хүн харилцааны ямар нэг хэлбэрийг мэддэг, мөн түүгээрээ бусадтайгаа харилцаж чаддаг. Гэтэл гар утас харилцааг зөвхөн холийн зайнаас л явуулж болохоор хийгдсэнээс биш өөр шинэ зүйлгүй. Тиймээс тэр хүн харилцаа гэдэг ойлголтыг мэднэ, мөн холоос харилцах харилцааг ч мөн орилж хашгираад хийж чаддаг учраас түүнд гар утас шинэ ойлголт болж чадахгүй. Зөвхөн хувирсан хэлбэр нь гар утас юм. Гэвч та нарт чулуун зэвсгийн хүнд гар утас байгаагүй юм чинь шинэ ойлголт болохоос өөр гарцаагүй юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ гар утас гэдэг зүйлийг байгалийн аль нэг зүйлийг хувиргаж хийснээс биш огт байгаль дээр байдаггүй зүйлээр хийсэн юм биш шүү дээ. Та нар өөрийнхөө хажуугаас, гадаа гудамжнаас байгалийн зүйлийг хувиргаж хийгээгүй нэг ч зүйл олж чадахгүй. Бүр хэзээ ч чадахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тиймээс нэг ёсондоо тэр чулуун зэвсгийн хүн байгалийг мэднэ, тиймээс тэр гар утсыг ч мөн мэднэ гэсэн үг. Гэхдээ тэр хүн зөвхөн тэрхүү ойлголтыг танин мэдэж чадаагүйд л хамаг учир оршиж байгаа юм. Хүмүүс бид гар утас бүтээхийн тулд эхлээд олон зүйлийг таниж мэдэх хэрэгтэй байсан.  Харин орчлон ертөнц дээр гар утас гэдэг ойлголт байж л байсан. Зөвхөн бид л олж чадаагүй байсан шүү дээ. Бидний оюун ухаанд нэвчин орж ирээгүй л байснаас биш одоо бидний мэдэх бүх ойлголтууд биднийг мэддэг болохоос өмнө орчлон дээр оршин байсан нь гарцаагүй. Хэрвээ оршин байгаагүй бол бид түүнийг танин мэдэж чадахгүй. Таний таньдаггүй хүн танийг танихгүй байсан ч амьдарч л байдаг шүү дээ. Үүнтэй адил орчлон хорвоо дээрхи бүх ойлголтууд танин мэдсний дүнд л гарч ирж байгаагаас биш шинээр урагсан хэрэг огт биш мэт санагдана. Бидний мэдэх ойлголтууд зөвхөн бидний мэддэг тэр хүрээнд л хамаарч байдаг.


Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.