July 5, 2010

Кино урлаг - 2


Өмнө нь би кино урлаг - 1 хэмээх бичлэгийг хүргэж байсан билээ. Тэгвэл уг бичлэгийн үргэлжлэл болгож кино урлаг - 2 ыг бичиж байна. Өмнөх бичлэг дээр кино урлагийн үүсэл хөгжлийн талаар товчхон дурьдсан бол энэ удаа 1940, 1950 аад оны үеийн кино урлагийн талаар дурьдах болноо. Энэ үеийн кино урлагийн талаар дурьдахдаа хамгийн эхэнд Walter Elias Disney г өгүүлэх нь зүйтэй болов уу. 

Энэ хүнийг бид Walt Disney гэдэг нэрээр нь илүү сайн мэдэх билээ. Тэрээр 1901 онд Чикагод төрсөн боловч түүнийг төрсний дараахан гэр бүл нь Миссоури луу нүүсэн ажээ. Ингээд тэр тэндээ нэгэн фермд өссөн гэдэг. Харин тэр 16 настайгаасаа эхэлж Чикагогийн урлагийн сургуульд сурч эхэлжээ. Дөрвөн жилийн дараа тэр Kansas City Film Ad компанид ажиллах болжээ. Тэнд түүний хийдэг байсан ажил нь кино театруудад гарах кинонуудын зурагт сурталчилгааг зурахад туслах байв. Харин 1923 онд Walt Disney Hollywood рүү нүүж өөрийн ах Roy той хамтарчээ. Түүний хүсч байсан зүйл нь тэр өөрөө кино продюсер эсвэл найруулагч болохыг байлаа. Гэвч тэр ажил олж чадаагүй гэдэг. Ингээд тэр өөрөө хүүхэлдэйн кино хийхээр шийдэж ажилдаа оржээ. Disney анхны кино компаниа оффисынхоо ард нээж, нилээдгүй ажилласан боловч хүсэл мөрөөдлөө биелүүлэх хангалттай мөнгө олж чадахгүй байлаа. Тэрээр хүүхэлдэйн киног уран сайхны кинотой адил алдартай болж чадна хэмээн итгэж байсан юм. Гайхалтай нь түүнд нэгэн шилдэг санаа төрсөн байна. Тэр нь юу вэ гэвэл хүүхэлдэйн киног алдартай болгохын тулд түүнд хүүхэлдэйн баатар хэрэгтэй гэдэг санаа байсан аж. Энэ санаа нь тун хачирхайлтай газраас түүнд орж ирсэн гэдэг. Тэрээр залуу хамтрагчтайгаа нэгэн хуучин байшинд ажилладаг байсан бөгөөд тэд байшингийнх нь шалан дээгүүр хулгана гүйлдхийг ажигладаг байжээ. Эндээс л тэд анх хулгана зурж, түүнийгээ амьлуулахаар шийдсэн аж. Харин тэдний зурсан хулгана хоёр хөл дээрээ явдаг, цагаан бээлий өмссөн, том чихтэй, том нүдтэй нэгэн байлаа. Зураачид түүнийг Mickey хэмээн нэрлэжээ. Mickey гийн тоглосон анхны кино нь Steamboat Willie нэртэй байжээ. Disney өөрөө Mickey гийн дууг оруулж 1928 онд киног дэлгэцнээ гаргажээ. Энэ бол маш том, бүр түүнээс ч том амжилт байсан гэдэг. Mickey улам бүр алдартай болж дэлхий даяар түүнийг мэдэх болжээ. Японд түүнийг `Miki Kuchi` гэж дууддаг байсан бол Италид түүнийг `Topolino`, Латин Америкад `Raton Miquelito` хэмээн нэрлэдэг байжээ. 

Mickey үнэхээр их амжилт олж чадсан ч гэсэн Disney өөр төрлийн кинонууд хийхийг хүсч байв. Ингээд тэр өөрийнхөө анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох `Snow White and The Seven Dwarfs` буюу `Цасан цагаан ба долоон одой` дээрээ 1930 оны дунд үеэс ажиллаж эхэлжээ. Энэ кино бол анхны студын бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино байлаа. Түүний дараагийн том бүтээл нь 1940 онд гарсан Pinocchio байсан юм. Мөн тэрээр 1940 өөс 1950 оны хооронд Fantasia, Dumbo, Bambi, Cinderella, Alice in Wonderland, Peter Pan, Lady and the Tramp болон Sleeping Beauty зэрэг кинонуудаа бүтээсэн билээ. Энэ бүхнийг бүтээж чадсан ноён Walt Disney 1966 онд нас барсан юм. Кино урлагийн түүхэнд хүүхэлдэйн киног бүхэл бүтэн ертөнц болгосон энэ хүн олон үүд хаалгийг кино ертөнцөд нээж өгсөн бизээ.


Харин уран сайхны кинонууд дотор энэ үеийн шилдэг бүтээлүүдийн нэг бол Out of the Past юм. Film Noir төрлийн уг кино тухайн цаг үедээ ч, одоо үед ч маш их алдартай. 
(Out of the Past киноны хэсэг)

1940 өөд оны үед Film Noir хэмээх төрлөөр нилээдгүй кинонууд бүтээгдэж, кино ертөнцөд шинэ өнгө төрхийг нэмж байлаа. Тэдний тоонд Touch of Evil (1958), The Maltese Falcon (1941), Road House (1948), Laura (1944) зэрэг кинонууд багтдаг. Ер нь энэ үед Crime төрлийн кинонууд хүчээ авч байлаа. Мөн үүний зэрэгцээ Detective Film үүд амжилттай бүтээгдэх болжээ. Энэ төрлийн шилдэг кинонуудад Kiss Me Deadly (1995),  Laura (1944) зэрэг багтдаг. Гэвч энэ цаг үед зөвхөн crime болон film noir төрлийн кинонууд л хийгдэж байсан гэвэл эндүүрэл болно. Дайны үеийн шилдэг драм бол мэдээж Casablanca (1942) билээ. Мөн түүнтэй төстэй нэгэн кино бол 1944 онд гарсан To Have and Have Not юм. Харин нилээд өвөрмөц нэгэн кино бол 1940 онд гарсан Rebecca юм. Уг кино Romantic Mystery, Gothic Film, Psychological Thriller төрөлд багтдаг ба найруулагч Alfred Hitchcock найруулжээ. Бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг энэ хүн 1935 онд The 39 Steps, 1946 онд Notorious, 1951 онд Strangers on a Train, 1954 онд Rear Window, 1958 онд Vertigo, 1959 онд North by Northwest, 1960 онд Psycho зэрэг гайхамшигт кинонуудыг найруулсан ажээ. 
Кино урлаг хөгжих тусам шинэ санаа, шинэ ололт амжилтууд бий болж, үүнийг дагаад шинэ урсгалууд үүсч байдаг. Харин ганцхан зүйл үеийн үед кино урлагт хамгийн чухал байсаар ирсэн. Тэр бол жүжигчидийн ур чадвар юм.

Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.