January 22, 2011

Итгэлийн тухай


Ер нь бид яагаад итгэх ёстой юм бэ? Сократ, Будда, Лаоз, Ошо гээд ер нь хэн нэгэнд яагаад итгэх хэрэгтэй гэж. Тэд нар худлаа ярьж байж болно шүү дээ. Хэн ч зохиогоод яриад байж чадна. Тэдний үгэнд яаж итгэх вэ? Хэрвээ бид нар ингээд л асуугаад байвал асуугаад л байна. Хэдэн ч асуулт зохиож болно. Эргэлзээд л байвал эргэлзээд л байна. Хичнээн ч олон удаа бодож болно. Гэвч үнэн гэдэг ганцхан зүйл. Таний өмнө үзэг байгаа бол тэр үзэг гэдэг чинь үзэг гэдэг ганцхан мөн чанартай биз дээ. Гэхдээ түүнийг сайхан муухай, урт богино гээд ангилаад байж болдог. Ингээд л ангилаад байх юм бол түүний мөн чанараас бид холдоод, мартаад эхэлдэг. Үзгийг үзэг биш болтол нь өөрчилж бас болноо. Заримдаа бид нарт үзэг мөн гэдэгт нь эргэлзэж болхоор үзэг тааралддаг шүү дээ. Миний хэлэх гээд байгаа зүйл бол бид үнэн гэдгийг таниагүй байна. Тийм учираас бид хэнд итгэхээ мэдэхгүй байна шүү дээ. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг хэлж мэдэхгүй байна. Тэгээд л эргэлзээд байгаа юм. Магадгүй Будда худлаа ярьсан байх гэж зарим нь боддог. Магадгүй тийм байж болох л юм!! Гэвч түүний үгний цаана үнэн байсан. Тэр ертөнцийг байгаагаар нь хэлдэг байсан. Зүгээр л байгаагаар нь. Түүнийг ойлгоход ухаантай байх шаардлагагүй. Зүгээр л итгэдэг байх хэрэгтэй. Хэрвээ түүнд итгэж чадвал түүнийг ойлгоно. 


Бидний ихэнхи нь бурхныг үгүйсгэдэг. Яагаад гэвэл бурхныг хэн ч хараагүй учраас. Лам нар бурхан тэнгэр дээр байдаг гэж ярьдаг. Яагаад гэвэл лам нар өөрсдөө бурханд итгэдэггүй байхгүй юу. Тийм болохоороо дэндүү хол, дэндүү өндөрт бурхан байдаг гэж ярьдаг. Ядаж л хэн нэгэн хүрч ирээд "Намайг бурхан дээр хүргээд өгөөч" гэж хэлхээс айсандаа бурхныг хүршгүй хол байдаг гэж ойлгуулдаг. Гэвч үнэндээ тийм биш ээ. Бурхан бидний хажууд байдаг. Тэр хаа сайгүй байдаг. Надад та итгэхгүй байгаа байх л даа. Яагаад гэвэл таний хажууд бурхан сууж байхыг та хараагүй юм чинь. Гэвч мэдээж бурхныг хоёр нүдээрээ харж болохгүй. Түүнийг байгаа гэдгийг мэдэрч болдог. Зөвхөн та зүрхээрээ л мэдэрч болдог. Нүдээр харж болдгүй зүйлийг зүрхээр мэдэрч болдог. Бид нар дууны долгионыг харж чадахгүй. Гэсэн ч бид дуу авиаг мэдэрч сонсдог. Үүнтэй адил бурхныг нүдээр харж, гартаа барьж болдгүй боловч зүрхэндээ мэдэрч болдог. Сайхан дуу сонсоод хүмүүс уйлдаг. Яагаад гэдгийг нь хэн ч хэлж мэддэггүй. Зарим үгс яагаад тийм сайхан байхад зарим үгс яагаад тийм муухай байдгийг хэн ч хэлж мэддэггүй. Энэ бүхний цаана үгээр тайлбарлаж болдгүй тийм аугаа ертөнц байдаг юм. Би нууц далд ертөнц, ид шид, хар домын тухай яриагүй. Хүн бүхний зүрхэнд бурханлаг нуугдаж байдаг. Бид түүнийгээ мэддэггүй бас мэдэрдэггүй. Бид нар олж харахаа, нотолж баталхаа хүлээгээд байдаг. Шинжлэх ухаанд найдаад л байдаг. Харин шинжлэх ухаан өөрөө сохор юм. 

Зүрхэндээ л мэдэрч болдог олон олон зүйлсийг шинжлэх ухаан нээж чадахгүй гацаанд оржээ. Ядаж л хүн яагаад хайралдгийг, бие биендээ дуралдгийг, хосууд яагаад үнсэлцэдгийг, сайхан амтанд хүн яагаад дуртай байдгийг бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Яагаад гэвэл шинжлэх ухааны арга барил нь буруу юм. Шинжлэх ухаан өмнөх арга барилаа өөрчилж шинэ арга барилыг сонгох хэрэгтэй. Хуучин арга барилаар энэ бүгдийг тайлж чадахгүй. Нэг ёсондоо шинжлэх ухаан чихээрээ хоол идэх гэж оролдоод байгаа юм. Энэ хэзээ ч бүтэшгүй зүйл. Чих бол сонсоход зориулагдсан, харин хоолыг амаар иддэг. Үүнийг л шинжлэх ухаан оролдоод байна шүү дээ. 

Үгүй ээ, би бурханд биш, би шинжлэх ухаанд итгэнэ гэж байгаа хүмүүс чих рүүгээ халбага дүрж байна гэсэн үг. Бид шинжлэх ухааны тусламжтай тодорхой шатыг туулсан. Одоо өөр шат руу бид өөр арга барилаар өгсөх болно. Хуучин арга барил маань энэ шинэ замд маань тохирохгүй. Тиймээс шинэ арга барил буюу итгэлийн замаар урагшилцгаая. Гэгээрсэн хүнд итгэнэ гэдэг бидний хийх эхний бөгөөд хамгийн том алхам юм. Бид юу ч мэдэхгүй байна. Ядаж л яах гэж амьдарч байгаагаа мэддэггүй. Та мэддэг үү? Магадгүй та "Би өөрийнхөө хүссэн замаар л амьдарна" гэж хэлэх байх. Тэр зам чинь юу вэ? Магадгүй тэр нь их мөнгөтэй, том байртай, мэдлэг боловсролтой, сайхан хань, олон хүүхэдтэй, дутагдах зүйлгүй амьдар ч, нэр алдраа дуурсгаж эсвэл өөрийн хүслийг дагаж юу ч хамаагүй хийж явах байх л даа. Гэвч ийм өчүүхэн зүйлийн төлөө бүхэл бүтэн таний амь амьдардаг гэж үү? Ердөө л энэ үү? Үгүй дээ! Тийм байсан бол бид анхнаасаа л үүсч хөгжихгүй байх байсан. Иймхэн юмны төлөө амь ямар хэрэгтэй гэж. Өөрийгөө сөнөөлгөх гэж байгаль эх бидэнд оюун ухаан хайрлаагүй нь ойлгомжтой биш гэж үү?

Амьдралд утга учир гэж бий. Тэр нь энэ амьдарлын мөн чанар юм. Түүнд итгэхгүй бол хүрч чадахгүй. Мэдээж итгэхийн тулд эхний алхам оюун ухаан билээ.


Л.Төрбурам
Share |

1 Сэтгэгдэлтэй:

es said...

vneheer zorigtoi uurinhuuruu , bn shv

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.