September 4, 2011

Яруу найраг

 
 
Б. Эрдэнэсолонго
 
Миний шүлгүүд,
“0” бүлгийн цустай
“00”-д байгаа хүн шиг
Өөрийнхөөрөө
Миний шүлгүүд,
Хүний үнэртэй
Хүүхдийн нулимстай
Хүүхний инээдтэй …
Миний шүлгүүд ,
Хүүхний энгэрээс гэрэлтэж
Хүүхдийн нүднээс харагдана …
 
 
 
 
 Б. Батзаяа: Баяртай
 
Чи яваад л одсон би гуниг тэврээд үлдсэн
Чийглэг уруулыг чинь санахдаа би зүгээр л санаа алдсан
Чи яваад л одсон би гав ганцаараа үлдсэн
Чиний тухай дурсамжуудыг зүрх минь даалгүй ганцаардсан
Чи яваад л одсон

Салхи шиг он жилүүд зүрхэнд хэвээрээ
Зун шиг байна
Сарних бодлын гүнд гуниг төрөх нь
Намар шиг байна
Салахдаа хэлсэн үг чинь сэтгэлд хүйтэн
Өвөл шиг байна
Санахын тоогоор чи надаас холдох нь
Хавар шиг байна

Анхны минь учрал сэтгэлд минь ургасан
Цэцэг шиг байсан
Анхны минь хайр зүрхэнд минь нахиалсан
Навч шиг байсан
Анхны минь үнсэлт агаар мэт цэнгэг
Цас шиг байсан
Анхны минь хагацал гэгээхэн гунигтай
Бороо шиг байна

Чи яваад л одсон би гуниг тэврээд үлдсэн
Чийглэг уруулыг чинь санахдаа би зүгээр л санаа алдсан
Чи яваад л одсон би гав ганцаараа үлдсэн
Чиний тухай дурсамжуудыг зүрх минь даалгүй ганцаардсан
Чи яваад л одсон







Г.Аюурзана : Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
 
Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой,
Xүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.
Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог.
Зурагтын ганцхан суваг гардаг
Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Зун нь энд диваажин шиг,
Өвөл нь зүүд шиг, хавар нь там шиг...
Намар гэж ер байдаг юм уу?
Шарлах ганц ч навчгүй
Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог.
 
 
 
 
 
 
Б.Галсансүх : Би маргааш мэндэлчихсэн... харин умайндаа даарахгүй 
 
С.Анударын дурсгалд

Эцэс төгсгөлгүй гол хайрсан хүйтэн цасыг
Эрээд олдохгүй ах, эгч, амраг саданг
Энд тэндгүйх хачин хүмүүсийн хүрэмний хормойг
Энэ дотор хоргосон гашуун салхийг
Элээж хоргодохгүй цаг хугацаануудыг
Эвтэйхэн хуваагдах өлөн талхнуудыг


Эрхлэж үглээгvй сүүлчийн хайруудыг
Эгдүүцэн ундууцах хатуу архийг
Эмзэглэж туулахгүй өөгүй замуудыг
Эдэлж хэрэглэх оо, савангуудыг
Эндээс холгүй тэр тарган сарыг
Энэ шөнө л татагдах ёстой тамхинуудыг
Эвдэрч хэмхрэхгүй ширээ сандлуудыг
Эрж цөхөхгүй танил тасалбаруудыг
Энд зөвхөн байдаггүй гэх улаан тэнгэрийг
Элдэв толбоноос болж угаагдах цагаан хэрэглэлийг
Ээж надад маргааш авч өгнө ...
 
 
 
 
 
 
Д.Урианхай : Намрын навчинд өргөх шүлэг 
 
Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчисаа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэвэрч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!
 
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.