March 20, 2011

Харж чадах хязгаар

 
 Уулын дор байгаа хүмүүст эргэн тойрон байгаа зүйлс нь адилхан харагддаг ажээ. Учир нь тэд нэгэн түвшинд, нэгэн адил зүйлсийг харж байдаг. Харин уулын орой дээр гарсан хүнд бүх зүйлс өөрөөр харагдах ажээ. Түүнд уулын нөгөө талд байгаа зүйлсээс эхлээд тэртээх алсад байгаа олон олон зүйлс ил гаран харагддаг. Харин уулын дунд хэсэгт яваа хүнд уулын нөгөө тал болон тийм ч их биш ч алсын бараа харагдах нь ойлгомжтой. Ямартай ч тэрээр ууланд гараагүй хүмүүсээс илүү холыг харж чадна.
Эртний Грекийн философид гурван хүний нэр тод үлдсэн байдаг. Тэдгээрийг дурьдвал Сократ, Платон, Аристотель зэрэг болно. Сократ бол Платоны багш, Платон нь Аристотелийн багш. Хүмүүст буюу нийгэмд хамгийн шилдэг нь Аристотель байсан гэж үнэлэгдэх нь бий. Түүнийг нөгөө 2-оосоо илүү байсан гэцгээдэг. Энэ нь аргагүй юм. 

Аристотель бол уулын энгэр хэсэгт авиран гарч яваа хүнтэй адил. Тэр ууланд авираагүй бусад хүмүүсээс илүү. Тэр тэдний давж харж чадахгүй байгаа довын цаана юу байгааг хараад тэдэнд хэлж чадаж байсан. Тэрээр хүмүүсийн сэтгэж олж чадах тэр л хязгаарт байгаа бүгдийг уран яруу хэлдэг байжээ. Тиймээс хүмүүс түүний зөв хэмээн итгэдэг байлаа.

Харин Платон бол уулын дунд хэсэгт хүрсэн хүн. Тэрээр Аристотелиос илүү холыг хардаг байв. Учир нь тэр илүү өндөрт гарсан. Хүмүүс түүнийг хэтэрхий их төсөөлөлдөө автсан, газардаагүй сэтгэдэг, бодит байж чадахгүй зүйлс ярьсан хэмээн шүүмжилдэг. Учир нь Платон хүмүүсийн сэтгэж чадах хязгаараас арай холыг сэтгэж байжээ. Тиймдээ ч түүнийг шууд ойлгоход төвөгтэй байв.

Гэтэл Сократыг бараг хэн ч ярьдаггүй. Тэр ч хүмүүст ямар нэгэн зүйл үлдээсэнгүй. Ядахнаа нэг хуудас бичиг бичээд орхисонгүй. Учир нь тэр бол уулын оройд гарсан хүн байлаа. Түүний нүдний өмнө бүх л орчлон харагдаж байжээ. Тэр хүмүүст алсад харагдах өргөн гол мөрний тухай ярьсан. Тийм зүйл байдгийг мэдэхгүй хүмүүс түүнд итгээгүй. Тэр хүмүүст тэртээд харагдах өтгөн ой шугуйн тухай ярьсан. Тийм зүйл байдгийг мэдэхгүй хүмүүс түүнд итгээгүй. Тэр бүгдийг мэддэг байсан ч хэн ч түүнд итгээгүй. 

Хүмүүст хамгийн ойрхон байсан учираас Аристотель хамгийн шилдэг нь мэт харагдаж байлаа. Түүний дараа Платоныг харж байсан ч тэр хүмүүсээс илүү их өндөрт байсан тул түүнийг хүмүүс төдий л биширсэнгүй. Харин Сократ уулын орой дээр байсан тул үүл түүнийг халхалжээ. Түүнийг хэн ч олж үзсэнгүй. 

Ядуухан манай нийгэмд сод хүнд гишгэх газар цөөхөн. Хүн хэдий чинээ жинхэнэ хүний мөн чанарт ойртоно, төдий чинээ нийгэм түүнийг үзэн яддаг. Нийгмийн толгой доошоогоо эргээд  зүг чигээ алдсан тул уруудаж яваагаа өгсөж байна гэж боддог. Тэгээд хэн нэгэн доошилж байгаа нийгмээс сөрөөд дээшээ алхаж эхэлбэл түүнийг нийгэм доошоо алхаж байна гэж эндүүрдэг. Ингээд л Сократ гишгэх газаргүй болж өөрийн гараар хор уун үхжээ. 
 
 
Сократын үхэл




Л.Төрбурам
Share |

2 Сэтгэгдэлтэй:

AbySs said...

энэ чиний өөрийн нийтлэл үү? эсвэл орчуулга уу?

Torburam said...

Энэ миний өөрийн гараар бичсэн нийтлэл. Орчуулга биш. Ямар нэгэн эх сурвалж ашиглаагүй бичсэн нийтлэл болно.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.