June 21, 2010

Адиша богдын сударт хийсэн Ошо багшийн тайлбараас...

...Эхний судар:
           Хоёр өөр гэрчийн
           Мөн чанарыг тань.
Энэ бол дотоод алхимийн үндэс болдог хамгийн чухал судрын нэг. Өр зүрхний гүндээ уусган шингээгтүн. Тэгвээс чи дахин мэндлэх болно. Цоо шинээр ертөнцийг харж, цэвэр тунгалаг ахуйг мэдэрнэ. Энэ судар хосолмол утгыг агуулжээ. Эхний утгыг тайлваас:

           Хоёр өөр гэрчийн
           Мөн чанарыг тань.

Хүний амьдралд хоёр янзын гэрч бий. Нэг нь гадна талд, нөгөө нь дотоод талд. Гадна талын гэрч хэн бэ гэвэл эргэн тойронд чинь буй хүмүүс юм. Тэд чиний алхам бүрийг ажиж сонжиж байдаг болохоор эвгүй харагдах вий гэхээс чи үргэлж ичиж зовж явдаг. Дуучин, жүжигчин, уран илтгэгч нар энэ айдсыг хамгаас илүү мэдэрдэг. Эхлэн тоглогч байтугай хал үзэж, дол суусан хүн ч тайзанд дөхүүтээ догдолж эхэлдэг юм. Өчнөөн нүд өөр лүү чинь ширтэх үед чи субъект байхаа больж, объект болж хувирна. Эрх чөлөөт нэгэн байхаа больж, боол болж хувирна. Тэд чамайг таашааж магад, үгүй ч байж магад. Таашаах аваас эго чинь хөөрөн баясана. Таашаахгүй бол гутарч гундана. Одоо хувь зохиол чинь бусдын гарт оржээ. Хаашаа эргэх бол оо? гэж чи санаа зовно. Тэдэнд таалагдахын төлөө юм бүхнийг хийх ёстой. Тэдний эгог дэмжсэний хариуд тэд өөрийн чинь эгог дэмжих байх гэж найдна. Найз нөхдийнхөө дунд чи ийм их айдсыг мэдэрдэггүй. Та нар бие биенээ мэддэг, нэг нэгнээ дэмждэг болохоор тэр. Гэтэл танихгүй хүмүүсийн дунд орохоороо чи үнэхээр бажгаддаг. Бие сэтгэл чинь чичрэн догдолж, өөрөө өөрөөрөө мөрий тавьсан шиг санагдана. Алдах, онохыг хэн мэдэх вэ? Амжилтанд чинь баталгаа байхгүй. Энэ бол гэрчлэлийн нэг төрөл. Бусад хүмүүс чиний гэрч. Чи тэдний үнэлэмжээр зогоодог нэгэн. Сая сая хүмүүс ийм л байдагд амьдардаг. Үргэлж бусдаас хайр хишиг горилж явдаг. Энэ бол гуйлгачны амьдрал. Бусдад таалагдаж байж л өөрөө өөртөө таалагдана. Бусдаар алга ташуулж байж л өөрийгөө жаргалтай гэж мэдэрнэ. Нэр төрийн төлөө сүнсээ худалдагч ийм хүнийг амьд үхдэл гэвэл таарна. Амьдарч байгаа юм шиг харагдавч аль хэдийн мажийчихсан хүн.
Эрдэмтэн, зохиолч, яруу найрагч нар Нобелийн шагнал авуутаа онгод билгээ алддагийг чи анзаарсан уу? Нэг ч Нобелийн шагналтан урьд өмнө хийсэнтэйгээ эн тэнцүү бүтээл туурвиагүй юм. Яагаас гээч? Хүмүүст нэгэнт таалагдаж, тэр нь баталгаатай болчихоор эго дур тавьдаг. Үзлээ, ханалаа, одоо яах юм бэ? Ном нь алдаршингуут зохиогч нь мөхдөг. ``Бошго үзүүлэгч`` ийг бичсэн Халил Жибран, ``Гитанжали`` г бичсэн Таагүрт ийм явдал тохиолдсон. Энэ бол ховор содон тохиолдол биш, бараг жам ёсны гэмээр үзэгдэл. Алдрын оргилд гарах цагт авъяас билиг мөхдөг. Учир нь авъяас билиг эгогийн хүсэл тачаалд тулгуурлажээ. Хүслээ хангасан эго амарч тайвширахын цагт уран бүтээлийн эрчим хүч ч унтарч орхино. Хүмүүсийн 99.99% нь бусдын гэрчлэлд шүтэж амьдардаг юм. Өөр төрлийн гэрчийг тэд мэддэггүй. Мэддэг ганц гэрчээсээ болж түм буман түгшүүр зовнил амсъюу. <Бусад хүн - там> гэж Жан Поль Сартр шударгуу хэлжээ. Нөгөө хүн чамд амсхийх боломж олгодоггүй. Яагаад чи ариун цэврийн өрөөнд байхдаа тайвширдаг юм бэ? Яагаад гэвэл тэнд чи ганцаараа байдаг. Гэтэл хэн нэг нь чамайг цоожны нүхээр харж байгааг мэдвэл амарч тавирсан байдал чинь тэр дороо замхрах вий. Бие сэтгэл чинь ахиад л чивчирч чангарна. Чи эргээд объект болж хувирна. Зуун зууны турх номлогч нар хүмүүсийг ийм аргаар дарамталж ирсэн. Бурхан чамайг өдөр шөнөгүй харж байгаа. Чи л унтдаг болохоос тэр унтдаггүй. Орны чинь дэргэд зогсоод нүд анивчилгүй ширтэнэ. Бурхан чиний гадна талыг төдийгүй дотор талыг нэвт шувт тольдоно. Тийм болохоор чи хийсэн үйлдэлдээ шийтгэл амсаад зогсохгүй бодсон бодол, зүүдэлсэн зүүднийхээ төлөө гэсгээл амсана гэдэг. Ингэж тэд нар хүний амьдарлыг үүрдийн там болгож орхижээ. Бодоод үз л дээ. Бусдын нүднээс түр ч атугай холдож болно. Бурхны нүд хаа ч явсан дагаастай. Өөрөө өөртэйгөө байх нэг агшин ч чамд алга. Энэ бол хүмүүсийг боолчлох аугаа стратуэги юм.
Яагаад чи бусдын анхаарлаар ангаж цангаж явдаг вэ? Учир нь чи өөрөө хэн ч биш. Оршихуй төвөө алдчихсан эмх замбараагүй үймээн шуугиан. Эзэн нь байхгүй эсвэл нам унтчихсан хойгуур зарц барлагууд нь хэрэлдэж зодолдож байгаа айл гэр шиг. Жинхэнэ төвөө алдсан хүн хуурамч төвд найддаг. Энэ хуурамч төвийг бусдын анхаарал бий болгодог. Хуурамч төвтэй хүн бол хувь хүн биш, бие хүн юм. Жинхэнэ төвөө олсон хүн л хувь хүн болдог...
Share |

3 Сэтгэгдэлтэй:

Мөнхбаяр said...

Баярлалаа Төрбурам аа, анх Ошод дурлаж байсан тэр үеээ санаад зүрхний нулимс мэлтэлзэв.

ariunaa said...

osho bagshiin towtei holbogdmoor bn ulaanbaatart haana baidag we? blogtoo ene tuhai tawij ogno uu

Anonymous said...

Шудрага үнэнийг хэлжээ Ум мани бадмэ хум

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.