October 6, 2010

Шашин ба шашин - 1 (Эх Үндэс)


Гол, мөрөн хэдий чинээ хол урсана, төдий чинээ бохирдож, булингартдаг. Уулнаас эх аван урсах голын эхнээс амссан усыг тэр голын олон зуун бээр газрыг туулсан хэсгээс амссан устай харьцуулах аргагүй өөр байдаг. Хоёулаа адил нэг голын ус боловч хоорондоо дэндүү их ялгаатай байх бөлгөө. Нэг голын усыг эх болон адаг гэж хувааж болох юм. Эх нь голын хувьд хамгийн ариун, цэвэр ус нь байхад адаг нь хамгийн бохир, хордсон хэсэг нь билээ. Учир нь гол урсах бүрийдээ дайран өнгөрөх газрынхаа элс, шороо, хог хаягдлыг өөртөө хаман авч, тэдгээрийг өөрийн нэгэн хэсэг мэт хамт урсган одох бөлгөө.
Гол урсаад л, урсаад л! Дайралдсан хэрэггүй зүйлүүдээ хаман авч урсаад л! Сүүлдээ голыг хог, хаягдлаас нь салгах аргагүй болтлоо уусан нэгддэг. Хичнээн шүүгээд ч нэмэргүй болох ажээ. Энэ жишээ бол шашны жишээ юм. Шашныг мөн адил эх ба адаг гэж ялгаж болно. Шашны эх гэдэг нь тухайн шашныг анх номолсон тэр л цаг үе билээ. Будда сургаалиа номлосон, Есүс сургаалиа номлосон, Мухамэд сургаалиа номлосон. Эдгээр цаг үе нь бүгд тухайн шашныхаа эх нь байсан юм. Шашин яг л урсах голтой адил. Шашин цаг хугацааг дагаж урсаад л! урсаад л! байдаг. Тэдний үеэс өнөөг хүртэл шашин урсаад л байсан. Урсах бүртээ хорвоо ертөнцийн хамаг л хог хаягдлыг өөртөө шингээн урсаад л байсан. Тэгээд бидний үед хүрч ирэхдээ яг л олон зуун бээр газрыг туулан урссан гол адил бохирджээ. Хэрвээ Будда, Есүс, Мухамэд аль нь ч бай өнөөдөр энэ цаг үед бууж ирвээс тэд гайхацгаах болно. Цэвэр тунгалаг голын эхэнд байсан хүн гэв гэнэт адгийг нь харвал мэдээж гайхна шүү дээ. Гэвч бид гайхахгүй!!! Яагаад гэвэл бид хэзээ ч цэвэр тунгалаг голын талаар мэдэхгүй. Цэвэр ус ямар байдгийг бид хараад ч танихгүй. Харсан ч цэвэр гэдэгт нь итгэхгүй. Хэзээ ч цэвэр сайхан ус үзээгүй хүнд цэвэр ус өгвөл тэр хор гэж бодож магадгүй. Тэр сэжиглэж магадгүй. Тэр зөвхөн бохир усыг л мэднэ шүү дээ. Үзээгүй юмаа үзсэн хүн айж ч болно. Бид нар аль хэдийнээ бохир ус адил бохир шашиндаа дэндүү дасчээ. Шашныг хүмүүс өөрсдийн үзэл бодолдоо тохируулан өөрчилж байдаг. Эвлэрснээс өөрчилсөн нь илүү амархан шүү дээ. Тийм болохоор шашныг голын усанд хог хаях мэт хүмүүс өөрсдийн үзэл бодлыг нэмсээр байгаад дэндүү их бохирдуулж, дэндүү их өөрчилжээ. Энэ бол нэг үгээр солиорол. Там, диваажинг бид тэнгэр дээр байдаг гэж ойлгодог. Үнэндээ там, диваажин газар дээр буй. Бурхан, чөтгөр хоёрыг бид ууланд байдаг гэж сэтгэдэг. Үнэндээ бурхан, чөтгөр хоёулаа бидний дотор буй. Андуурсан андуурал, эндүүрсэн эндүүрэл бүхэн маань бидний доройг харуулна. Амрыг харсан дорой байдал...    Үргэлжлэл бий...


Л.Төрбурам
Share |

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.