March 2, 2013

Хөгжимтэй танилцсан түүх - 1



Нэг мэдэхэд л цаг хугацаа алга болж өгчээ. Хөгжим хэмээх энэ гайхамшигтай зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгосноос хойш арван нэгэн жил өнгөрчээ.
Хамгийн анх дөрөвдүгээр ангид байхдаа хип хоп хөгжимд дурлаж түүнээс хойш арван нэгдүгээр ангид орох хүртлээ ганцхан энэ хөгжмөөр л амьсгалж амьдарч билээ. Бид нарыг дөрөвдүгээр ангид байхад Ice top, Digital, Lumino гээд манай монголын хамтлагууд монгол даяар майнстрийм болж байсан үе. Одоо бодоход инээдтэй ч тэр үед бид нар фм ээр тэд нарын дууг алгасалгүй сонсож өдрийг өнгөрөөдөг байж билээ. 2004 онд Digital -ын This is Life нэртэй цомог  анх гарч байсан. Энэ цомгийг анх HI - FI -аас авч цомгийнхоо цуглуулгын эхлэлийг тавьж байлаа. Энэ үед хүмүүс шинэ гарсан CD худалдаж авах гэж HI - FI -ийн үүдэнд урт дараалалд үүсгэдэг байсан. Одоо бол нетээс даунлауд. Ингэж л хамгийн анх хөгжимд хорхойтой болж, яван явсаар хөгжимгүйгээр амьдралыг төсөөлхөөргүй болсон байсан юм. Тав, зуравдугаар ангид ороод америкийн харуудын хөгжимд нэг л мэдэхэд орчихсон тууж явлаа. Eminem, 2pac, DR.Dre, 50 cent -ийг сонсоогүй, дуулаагүй хүн яг манай үеийхэн дотор нэг ч байхгүй гэвэл худлаа хэлсэн болохгүй л байх. 2pac -ын Changes, California Love, Eminem -ын Stan, The Real Slim Shady, Lose Yourself,  50 cent -ын In Da Club, Nelly -гын Dilemma хүүхэд насны маань нэг хэсэг болж үлджээ. 


2pac бол миний хамгийн дуртай, хамгийн их сонссон репперийн нэг. Баруун эргийн энэ реппер залууг хип хопын хаан гэж бид нар хоорондоо ярьдаг байсан. Нээрээ ч түүнийг гүйцэх реппер одоо хүртэл гарч ирээгүй гэж би боддог. Хип хопийн Жордан юмуудаа. Түүний хөгжмөөр их гоёдог байлаа. Олон хамтлаг, репперүүд сонсож, судалж байгаад DMX гэдэг аймаар сүрдмээр хоолойтой залуугийн дуунуудтай танилцаж байлаа. DMX - ийн Ruff Ryders Anthem, Party Up зүгээр л хит болж байсан. Бас нэг дуучин бол X-Zibit гээд нэг залуу байв. Хог болсон машинууд засч янзалдаг шоугаараа алдартай энэ эрийн дуунуудад бас л дуртай байсан. G-Unit ын аргил ч гэх үү баргил ч гэх үү нэг тийм сонин хоолойтой залуу Lloyd Banks -т, бас Young Buck -т дуртай байсан. Харуудын реп сонсож эхэлсэн үеэсээ эхлээд нөгөө хайрын дуу дуулдаг монголынхоо хамтлагуудыг нэг нүдээрээ ч харахаа больж байж билээ. Бараг л хайр гэж ярьсан хүн лүү муухай харахаас наагуур л байдаг байлаа. Ямар ч коммершил сонсохгүй гээд л дандаа real hip hop нтр гэж ярьдаг байлаа шүү дээ. Наймдугаар ангиасаа эхлээл нөгөө харуудтайгаа адилхан хувцас өмсөөл, янз бүрийн зүүлт, хувцас авдаг болсондоо. Яг энэ үеэс эхлээд хардкор гэдэг урсгал руу эргэлт буцалтгүй орж байсан юм. Хип хопын хамгийн хүнд урсгалын нэг хардкор хөгжмийг найм есдүгээр ангид байхдаа хоол унд шиг сонсдог байлаа.


Хардкорын хамгийн гоё зүйл нь өөр хаана ч байхгүй тийм өвөрмөц байдал нь юм шиг санагддаг байж билээ. Энэ урсгалаас хамгийн их сонссон хамтлаг бол Wu-Tang Clan байсан. Зүгээр л гайхамшиг. Аравдугаар ангид байхдаа сонсдог ганц хамтлаг минь бараг л Wu байлаа. Бас өөр нэг нь Cypress Hill байсан. Энэ хоёр бол миний бүх цаг үеийн минь хамгийн дуртай арван хамтлагийн тоонд багтана. Нэг нь баруун эргийн, нөгөө нь зүүн эргийн энэ хоёр хамтлаг хоорондоо тэс өөр ч хоёулаа миний сонирхлыг их татдаг байсан юм. Wu-Tang Clan -ыг надаас илүү сонирхдог бүр шүтдэг гарууд олон байсан. HI-FI фмийн хип хоп дууны цагийг хөтөлдөг байсан Gee дугаар бүрээрээ Wu-Tang Clan -ы дууг цээжилтэл явуулдаг байж билээ. Wu-Tang Clan анх 1992 онд байгуулагдаж байсан. 9 гишүүнтэй, гишүүн бүр нь хувийн карертаа ч маш их амжилт олж байсан хамтлаг. Method Man, ODB, RZA, GZA, Raekwon, Ghostface Killah, Inspectah Dech, U-God, Masta Killa гээд бүгдээрээ тус тусынхаа карерт ч тэр хамтаараа дуулахдаа ч тэр мастерууд байсан юм. Байгуулагдсан цагаасаа хойш нэг ч комершил дуу хийгээгүй ч гэдэг. Анхныхаа цомгийг 1993 онд Enter the Wu - Tang (36 chambers) гэдэг нэртэй гаргаж байсан нь өнөөдрийг хүртэл хип хоп хөгжмийн түүхэнд гарсан алтан цомгуудын нэг хэвээр байгаа. Энэ цомгоо гаргасныхаа дараа тэд хамтлагаараа уран бүтээл хийлгүй тус тусынхаа карерыг хөөж байгаад 1997 онд хоёр дахь цомгоо Wu - Tang Forever нэртэй гаргаж байсан нь бас алтан цомгуудын нэг. Эргэн хамтлагаараа нэгдэж, эргэн ирж байгаагаа энэ цомгоороо зарлаж байсан гэдэг. Харин энэ хамтлагийн цомгуудаас миний хамгийн анх сонссон цомог бол 2001 онд гаргасан Iron Flag гэдэг цомог нь байсан. 



Iron Flag ын эхний дуу In the hood -ыг сонсхоор эргээд тэр үед очсон юм шиг мэдрэмж төрдөг. Тэр үед энэ хамтлагийн ODB (Ol' Dirty Bastard) ыг хардкор сонсдог хүмүүс бараг л бурхан шиг шүтдэг байсан.







Cypress Hill гэдэг энэ хамтлагт нээрээ л инсейн хүмүүс байдаг ч байж мэднэ. Хамгийн анх энэ хамтлагийн Insane In the Brain гэдэг дууг сонсож байсан. Тэгээд хамгийн анх гаргаж байсан Cypress Hill, Black Sunday гээд хоёр цомгийг нь сонсоод ямар ч эргэлзээгүй шууд л фен нь болж байлаа. 


Ялангуяа How I Could Just Kill a Man гэдэг дуунд нь аймаар дуртай байсан. 


Хардкор, Латино, Реп Рок гээд нилээн олон өөр чиглэлээр дуулдаг өвөрмөц хамтлаг байсан. Сүүлд гаргасан цомгийг нь нээх сонирхолгүй өнгөрч байсан даа. Түүнээс өмнөх бараг бүх цомгийг нь цуглуулаад сонсож байсан. Энэ хамтлагийн B Real гэдэг гишүүн нь The Psycho Realm гэдэг өөр нэг хамтлагтайг сүүлд найзаасаа сонсож, энэ хамтлагийнх нь дуунуудыг бас сонсдог болж байлаа. /Доор нэг дууг нь орууллаа/ The Psycho Realm нь Cypress Hill -ээс ялгаатай нь илүү alternative rap талруугаа гэх юм уу даа. 



Хардкор реп гэж ярихаар нэг хүнийг орхиж болохгүй нь. Тэр хүн бол Nas. Хамгийн анхны цомгоо 1994 онд Illmatic гэдэг нэрээр гаргаж байсан нь одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй цомог хэвээр үлджээ. Тэр 2006 онд Hip Hop is Dead гэдэг цомог гаргаж байсан. Тухайн үед энэ цомгийн нэр их хачин санагдаж байсан ч одоо эргээд бодоход түүний зөв байсан юм байна гэж бодмоор санагддаг. Магадгүй энэ үед л хип хоп хөгжим мөхөж эхэлсэн байх. Өмнөдийн реп буюу Southern rap, Dirty South гэдэг урсгалууд хүчтэй гарч ирсэн нь эргээд реп хөгжимд, бүр цаашлаад орчин үеийн хөгжимд маш их өөрчлөлт нөлөө үзүүлж байсан юм. Ингээд л Lil wayne  болон бусад хүмүүсийн ачаар хип хоп хөгжим мөхсөөр л байна. Dirty South гэснээс энэ бол тийм муу, муухай урсгал биш л дээ. Энэ урсгалаар дуулдаг Three 6 Mafia, Juvenile, Pastor Troy гээд гоё хамтлаг, репперүүд байдаг. Ялангуяа Three 6 Mafia -гийн улаан ногоон фен байлаа гэж. Сатаныг сурталчлагч гэгддэг байсан энэ хамтлаг өмнө зүгийн хип хоп хөгжимд хамгийн томуудын нэг байсан. 2005 онд Terrence Howard, Ludacris, Anthony Anderson нарын тоглосон Hustle and Flow гэдэг кино гарч байсан юм. Нэг хэсэгтээ л хип хоп сонсдог бид нарын дунд хит болсон кино. Тerrence Howard энэ кинон дээр Three 6 Mafia -гийн Hard Out Here For a Pimp гэдэг дууг дуулж гардаг. Энэ дуугаараа Three 6 Mafia оскарын шагнал авсан хамгийн анхны хип хоп хамтлаг болж байсан юм. 


Нилээн удаан Three 6 Mafia миний iPod дотор хадгалагдсандаа.


Би ганцхан америк реп сонссон гэвэл худлаа. Америкаас гадна хип хопын хоёр дахь том төв Франц байсан. Францын Supreme NTM гэдэг хамтлагийг манайхан их сонсдог байсан. Би ч гэсэн зарим дуунд дуртай байсан, жишээ нь дор оруулав. 


Бас Францын IAM гэдэг нэртэй гоё хамтлаг байдаг. Энэ хамтлаг Supreme NTM -тэй нилээд өрсөлддөг байсан гэдэг. Би нэг дуунд нь их дуртай байлаа. /дор оруулав/


Энэ мэтчилэн реп хөгжим сонсож амьдралынхаа нэг хэсэгтэй холбож байсан товчхон түүхээ орууллаа. Ямартайч энэ хөгжимтэй хамт тав зургаан жилийг өнгөрүүлж байжээ. Сүүлд нь alternative реппер Common ы Be хэмээх цомгоос...


(I Just Wanna BE)


Л.Төрбурам




Share |

2 Сэтгэгдэлтэй:

Frank said...

Сайхан дурсамж байна. Хүн өөрийн сонирхдог зүйлээ маш сайн мэддэг байх гоё юм. БИ магад багадаа нийтлэг дууг л сонстдог байснаас нэгэнд нь тэгтлээ хорхойсоогүй ч байсан юм шиг. Linkin park-д маш дуртай байснаа хамгийн тод дурсаж байна. Тэдний 3 цомгийг анх олж авчихаад ихэд баярлаж байж билээ. Гэхдээ тэгтлээ их судалж, сураглалгүй л явж дээ.

Torburam said...

Заримд маань хөгжим сонсохоос илүү хийх чухал ажил байсан байх л даа :)

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.