July 3, 2011

Нийгмийн тухай философийн анхдагч ойлголт



Өнөөдрөөс эхлээд философи мэдлэгийн нэгэн салбар болох нийгмийн тухай философийн зарим асуудлуудыг авч үзэн, зарим талаар өөрийн үзэл санаа, тайлбаруудыг хийж байхаар шийдлээ. Тайлбар хийнэ гэдэг нь туйлын үнэн зөв баттай эцсийн гаргалгааг хийнэ гэсэн үг биш, харин өөрийнхөө үзэл санаа эргэцүүллээр, өөрийнхөө байр суурьнаас тайлбар хийнэ гэсэн үг юмаа. Мөн өмнө нь зөвхөн өөрийн бодол санаагаар бичдэг байсан бол одооноос эхлээд шинжлэх уханы мэдлэг, шашны үзэл санаатай өөрийн үзэл санааг харьцуулан дүгнэх байдлаар бичих болно. Ингэснээр би өөрийнхөө үзэл санааг гээж байгаа хэрэг биш, харин илүү бодит үнэн зөв байдалд ойртох гэсэн нэгэн дэвшил болно хэмээн найдаж байна.

Философийн ухаанд матер анхдагч уу? эсвэл оюун санаа анхдагч уу? гэсэн ерөнхий хоёр ертөнцийг үзэх үзэл урган гарч үүнд хариулт өгсөн байдлаар нь матерлизм болон идеализм гэсэн хоёр чиглэл бий болдог. Матерлистуудын үздгээр ертөнц матераас буюу бодит ахуйгаас үүсэлтэй бол идеалистууд ертөнц оюун санаалаг ахуйгаас үүсэлтэй хэмээн үздэг. Матерлистууд бодит оршин буй материаллаг ахуй нь хамгийн эхэнд үүсч үүний дараа оюун санаа буюу идеал үүсдэг хэмээн тайлбарладаг. Жишээ нь мод байдаг учираас түүгээр байшин барих санаа үүсэх ажээ. Эндээс үзвэл матераас санаа үүсч байгаа юм. 
  Харин идеалистуудынхаар оюун санаа анхлан үүсч, түүний үр дүнд материаллаг ахуй үүсдэг хэмээн үздэг. Хоёр төрлийн идиалист үзэл байх бөгөөд тэдгээр нь:
1. Объектив идеализм
2. Субъектив идеализм        зэрэг болно. 
Объектив идеализмд үздгээр хүний оюун санаанаас гадна орших туйлын санаа байдаг ба тэрхүү туйлын санааны сүүдэр нь материаллаг ертөнц юм. Харин субъектив идеализмд хүний мэдрэхүй, сэтгэхүй, авир үйлдэл, хэлний хүчин зэргийн аль нэг элементийг үүтгэл гээд юмс бол тэр  элементээс хамаармал оршдог хэмээн үздэг [Ц.Гомбсүрэн. Философи. УБ.,2008 хуудас-14]. Жишээ нь байшин барих гэсэн санаа анхлан үүссэн учираас түүний тусгал болсон мод оршдог гэсэн санаа юм. Эхлээд харахад мод хэмээх матер хүний бодол, оюун санаанаас гадуур оршин байж л байсан мэт ойлгогдох боловч идеалистуудын үздгээр байшин барих тухай туйлын санаа хүний оюун санаанаас гадуур оршиж байсан учраас тэр туйлын санааны тусгал болсон мод хэмээх зүйл ертөнц дээр ургадаг ажээ. 

Бидний авч үзэх нийгмийн тухай философид анхдагчийн тухай асуудал яригддаггүй. Харин нийгмийн ахуй болон нийгмийн ухамсар хоёрын харилцан хамаарлын тухай асуудал яригддаг. Тодруулбал нийгмийн ахуй нь нийгмийн ухамсрыг бий болгох уу? эсвэл нийгмийн ухамсар нь нийгмийн ахуйг бий болгох уу? гэсэн хоёр асуудал үүсдэг. 

Марксист философи боловсрогдохоос өмнө буюу нэн эртний үеийн философи үзлээс марксист философи хүртэл үеийн бүх үзэл санаанд нийгмийн ухамсраас нийгмийн ахуй үүсдэг хэмээх үзэл ноёрхож байжээ. Харин Марксын үзэл санаа дэвшигдснээр нийгмийн ахуйгаас нийгмийн ухамсар үүсдэг гэсэн санаа хүчтэй урган гарч ирсэн юм. 

Нийгмийн ахуй гэдэг нь нийгмийн амьдарлын хүрээнд ашиглагдаж, хэрэглэгдэж буй матер хэмээн ойлгож болно. Байшин барилга, зам гүүр гээд бүх л зүйлийг нэрлэж болох юм. Харин нийгмийн ухамсар гэдэг нь нийгмийн гишүүдийн бодол санаа, хандлага, үзэл баримтлал гэх зэргийг багтаан ойлгож болно. Улс төрийн талаар олон нийтийн санаа бодол, улс төрд хандаж буй хандлага зэргийг нийгмийн ухамсар хэмээн ойлгож болох юмаа. 

Марксаас өмнөх үеийн философи сургаалиудад хүмүүсийн буюу нийтийн ухамсар, санаа бодол зэрэг хүчин зүйлүүд ямар байхаас хамаарч тэдгээрийн буюу нийтийн оршин буй ахуй тодорхой болж байдаг хэмээн сургадаг байжээ. Өөрөөр хэлбэл олон нийт бүтээгч сэтгэлгээтэй бол нийгмийн ахуй цэцэглэн хөгжиж, харин эсрэгээр эвдлэгч сэтгэхүйтэй бол нийгмийн ахуй уруудан доройтох ажээ. Нийгмийн ухамсар хэрхэн өөрчлөгдөнө, түүнийг дагаад нийгмийн ахуй даган хувирч өөрчлөгдөж байдаг байна. 

Харин Марксын философи үзэлд нийгмийн ахуй ямар байгаагаас хамаарч нийгмийн ухамсар тодорхойлогдох ажээ. Нийгмийн ахуй буюу орчин нь хөгжин дэвших тусам нийгмийн ухамсар даган хөгжиж байдаг хэмээн тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хүн хэдий чинээ хөгжингүй нийгэмд орших тусам түүнийгээ даган хүний ухамсар, оюун санаа дээшлэн хөгждөг байна.

Нийгмийн ухамсар, нийгмийн ахуй хоёрын чухам аль нь нөгөөгөө бий болгох вэ гэдэг энэхүү асуудал нь матер анхдагч уу? оюун санаа анхдагч уу? гэдэгтэй адил шийдэгдээгүй асуудал юм. Нийгэмд амьдарч буй хүмүүсийн оюун санаа тухайн нийгмийнхээ ахуйг хувирган өөрчилж, бүтээн цогцлоож байдаг хэмээн үзэж болох ч нөгөө талаар тэрхүү материаллаг ахуй, эд зүйлс нь хязгаарлагдмал, хомс учир эргээд хүмүүсийн бодол санаа тэрхүү материаллаг ахуйд захирагдах нь байх боломжтой хариулт мэт санагдана.

Л.Төрбурам
Share |

1 Сэтгэгдэлтэй:

Мөнхбаяр said...

Амьдрал дээр хэрэгжүүлж үзсэнээр философыг шалгаж үздэг гэж бодох болсон. Оюун ухааны түвшинд хичнээн боловсруулсан ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байвал тэр хоосон төсөөлөл төдийхөн болох. Сократын амьдрал байна. Ошогийн коммун байна. Гераклитын цэцэрлэг, Пифагорын сургууль байна. Рейхын эдлэн газар байна. Бодит амьдрал дээр туршиж байсан философиуд. Чиний яаж туршдаг, яаж амьдардгийг үзэх юмсан. Хэвлийдээ тээгээд л байвал хүүхэд ч, ээж нь ч үхдэг байгалийн жам байдаг. философи бүхэн төрөх хэрэгтэй. Төрж гараад өсч том болох... Төрөхгүй удаад байгаа бол ерөөсөө явцгүй философи.

Post a Comment

Өөрийн үзэл бодлоо хуваалцаж, сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа. Удахгүй таны сэтгэгдэлд хариу үлдээх болноо.